Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон улсын 24 төсөл хэрэгжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх салбарын сайдын мэдээллийг сонсов.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ, тус салбарт 2022 оны байдлаар олон улсын болон гадаадын байгууллагуудын техникийн туслалцаа, буцалтгүй тусламж, зээлээр нийт 24 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрөөс техникийн туслалцаа болон буцалтгүй тусламжийн төслүүд 92 хувийг, зээлийн төсөл 8 хувийг эзэлж байгааг дурдлаа. Мөн хэрэгжиж буй салбар, чиглэлээр авч үзвэл, цөлжилтийг сааруулах, ойжуулалт, ойн салбарын шинэчлэхэд 4, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 4, тусгай хамгаалалттай бүс нутгийн менежментийг бэхжүүлэх чиглэлээр 3, химийн хорт, аюултай бодисын асуудлаар 3, ногоон, тогтвортой хөгжлийн чиглэлээр 2, хүрээлэн буй орчин, амьтан хамгааллын чиглэлээр 2, аялал жуулчлалын салбарыг дэмжих 2, усны засаглалыг сайжруулах 1, салбарын чадавхыг бэхжүүлэх 3 төсөл тус тус хэрэгжиж байна. Эдгээр төслүүд нь хөгжлийн түнш, олон улсын 11 байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаагаас 5 төсөл Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Дээрх 24 төсөл, хөтөлбөр нь нийслэл Улаанбаатар хотоос гадна 17 аймагт хэрэгжиж, тус салбарт дэмжлэг үзүүлж байгааг дурдаад төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл хийлээ.
Тухайлбал, цөлжилтийг сааруулах чиглэлээр, элсэн ба шороон
шуурганы эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, газар зохион байгуулалтын
тогтвортой менежментийг бий болгох зорилгоор хамгаалалтын ногоон зурвас, мод
үржүүлгийн газар байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг
Төв, Өмнөговь, Дорноговь зэрэг аймагт хэрэгжүүлж байна. Уур амьсгалын
өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх,
чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар
дөрвөн төсөл хэрэгжиж байсан бол өнөөдөр хэрэгжиж байгаа 2, хэрэгжиж дууссан 2
төсөл, хөтөлбөр байна. Энэ чиглэлийн төслүүд нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан
зохицох төлөвлөлтийн үйл явцыг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх, уур
амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд хамгийн эмзэг, өртөмтгийн хөдөөгийн иргэд,
малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэх зорилготой
гэв.
Цаашид 2023-2025 онд уур амьсгалын өөрчлөлт, агаарын
бохирдлын хяналт, мониторингийг сайжруулах 5,947,025 ам.долларын хүрээнд
“Хүлэрт намгархаг газрын эко-системийг хамгаалж, бэлчээрийн мал аж ахуйн
экосистемийн уян хатан чанарыг сайжруулан нүүдэлчин малчдын амьжиргааг
дээшлүүлэх нь”, “Цэвэр технологи инноваци, ногоон ажлын байрыг дэмжих нь”,
“Монгол Улсын Улаанбаатар хотод агаарын бохирдлын хяналтын станц суурилуулах,
чадавхыг бэхжүүлэх” гэсэн гурван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа
Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэлдээ онцолсон юм.