АРХАНГАЙ: Ш.Чимидбалдир 86 насныхаа босгон дээр шинэ номоо баринтаглав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-13 14:29:10

Архангай /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн гишүүн, зохиолч, сэтгүүлч, эдийн засагч Шадавын Чимидбалдир “Ирвэсийн эрэлд” шинэ номоо эдүгээ 86 насныхаа босгон дээр өлгийдөн авлаа. Төрөлх Цахир сумынхаа 100 жилийн ойд зориулан өгүүллэг, наргиа, цуудам яриа, дурсамж зэрэг 60 орчим бүтээл багтсан энэхүү ном нь түүний гурав дахь нь ажгуу.

 

Номын нэрийг өгөхдөө тэрээр одоогоос хориод жилийн өмнө Хангай сумын Унтаа ямаат хэмээх дүнхгэр том уулын өвөрт өвөлжих айлын малыг тоолохоор очжээ. Гэрийн эзэн Ямаат ууланд ирвэс тун ховордсон гээд бар болон ирвэсийн зургийг зургийн жаазандаа хийсэн байжээ. Эндээс л ирвэс хэмээх амьтан ууландаа биш жаазанд л үлдэх нь байна шүү гэдэг санааг гаргаж, номоо бичин “Ирвэсийн эрэлд” хэмээн нэрийджээ.

 

Ш.Чимидбалдирын анхны хэвлэмэл ном нь 1984 онд “Тэрхийн голын хүүхэн” нэртэй гарч байсан бол, 1989 онд “Гэмгүй хүн” номоо хэвлүүлж байжээ. Түүнээс хойш 34 жилийн дараа өнөөдрийн баринтаглаж буй “Ирэвсийн эрэлд” ном юм.

 

Зохиолч, сэтгүүлч Ш.Чимидбалдир хэдий 90 дөхөж буй ч бичиж, сэтгэх нь "идэр" юм. Тэрээр 2021 онд Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч болсон төдийгүй Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Архангай дахь "Сайн Оюут" салбар зөвлөлийн гишүүн, ахмад сэтгүүлч юм. Түүний шинэ номын нээлтэд ирсэн аймгийн удирдлагууд түүнийг аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнажээ.

 

Тэрээр 60 жил утга, уран зохиолд зүтгэж 60 жил бичсэн байна. Үүний 33 жил нь сэтгүүл зүйн салбарт өнгөрчээ. 1961 онд сурагч байхдаа анх "Архангайн үнэн" сонинд мэдээ бичсэнээс хойш "Намын үнэн", "Хөдөлмөр", "Залуучуудын үнэн", "Урлаг, утга зохиол" сонинууд, "Тоншуул", "Соёл" сэтгүүлүүд, МОНЦАМЭ агентлагт олон мэдээ, ярилцлага, нийтлэл, сурвалжилга бэлтгэн өгч байв. Мөн Монголын радиод  цаг үеийн шинж чанартай мэдээнүүд болон аймгийн хөдөлмөрийн аварга, сайчуудынхаа нийтлэл, ярилцлагуудыг цаг алдалгүй, шуурхай явуулж байжээ.

 

Түүний цаашдын бас нэг зорилго нь "Аавын ташуур" хэмээх хүүхдийн ном, дөрвөн тууж байгаагаа ном болгон хэвлүүлнэ хэмээн ярьж байлаа.

相关新闻