Ипотекийн зээлийн хүүг бууруулахыг оролцогчид дангаар шийдэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ипотекийн орон сууцны
зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 6.9 их наяд төгрөгийн
хөнгөлөлттэй зээлийг олгоод буйг Монголбанкнаас мэдээллээ. Энэ нь 110 мянга гаруй
өрхийн иргэдэд хүрээд буйг тус банкны Нөөц удирдлагын газрын эдийн засагч Л.Энхбаяр
хэлж байна. Энэ оны эхний байдлаар 42 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Өнгөрсөн хугацаанд ипотекийн
зээлийн 80 хувийг Монголбанк санхүүжүүлж, 20 хувийг арилжааны банкууд нэмж
гарган зээл олгожээ. Банкууд олгосон зээлээ багцлан Монголын Ипотекийн корпорац
(МИК)-д
худалдан, МИК нь ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах зарчмаар үйлчилж,
хөтөлбөр хэрэгжиж буйг мэдээллээ.
Ипотекийн зээл долдугаар сараас Засгийн газарт шилжинэ.
УИХ 2020 оны 4 дүгээр
сард “Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,
тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль
баталсан.
Уг хуулийн дагуу оролцогч талууд болох Монголбанк, МИК болон арилжааны банкууд хамтран ипотекийн зээлтэй иргэдийн зээлийн төлөлтийг нийт 5 удаа хойшлуулсан. Хуулийн үйлчлэл 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болж, 63 мянган зээлдэгч зээлийн эргэн төлөлтөө банктай байгуулсан гэрээ, тохирсон хуваарийн дагуу төлж эхлээд байна.
Ипотекийн зээлийг санхүүжилтийг энэ оны 7 дугаар сараас Төв банкнаас Засгийн газарт бүрэн шилжүүлэхээр төлөвлөж буй талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдэгдлээ. Ингэснээр тус зээлийг хэрэгжүүлэх, зээлийн эх үүсвэр гаргах ажлыг Засгийн газар иргэдийн өмнө хүлээх бөгөөд энэ чиглэлээр ажлын хэсэг гаран ажиллаж байна.
Хөтөлбөр цаашид тасралтгүй бүрэн хэрэгжих хөрөнгө, санхүү
болон боломж нөхцөл байгааг Төв банк болон МИК-ийн удирдлагууд мэдэгдэж байна.
Харин Засгийн газарт шилжин очсоноор энэ асуудлыг Сангийн яам, БХБЯ, ЭЗХЯ аль
нь хариуцан ажиллах талаар одоогоор тодорхой бус байна. Хэдийгээр энэхүү үйл
ажиллагааг салбарын хувьд БХБЯ хариуцаж болох ч ипотек нь зөвхөн барилгын
салбар гэхээсээ илүү дундаж давхарыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг
бууруулах зэрэг нийгмийн асуудлыг давхар шийдэж буй учир энэ ажиллагааг ЭЗХЯ-нд
харьяалуулах нь зөв зүйтэй гэсэн байр суурийг мэргэжлийн хүмүүс илэрхийлж байна.
Орон сууцны дундаж метр квд-ын үнэ сүүлийн 4 жилд 41 хувиар өссөн бол өрхийн дундаж мөнгөн орлого 20 хувиар нэмэгджээ. (Эх сурвалж Монголбанк, ҮСХ).
Мөн зээлийн хүүг 8-аас 6 хувь буулган бууруулж, иргэдийг хүртээмжтэй хамруулах асуудлыг олон талын байр сууринаас, ипотекийн зээл олголтыг хэрэгжүүлэгч талуудын оролцоотойгоор шийдэх учиртайг хэлж байна. Нэг ёсондоо ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгохыг оролцогчид дангаар шийдэхгүй гэдгийг МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга сэтгүүлчидтэй уулзах үеэр тодотгосон юм. Энэ талаар Монгол Улсын Шадар сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг гаран ажиллаж, санал, дүгнэлтээ хүргүүлжээ. Үүгээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийг 6 хувийн хүүтэй болгоход тодорхой хэмжээний зардал гарахаар байгаа. Үүнийг шийдвэрлэх талаар өнөөдрийн байдлаар ямар нэг шийдэл гараагүй байгаа юм. Ажлын хэсгийнхний урьдчилан тооцоолж буйгаар, нийтдээ 350-500 орчим тэрбум төгрөг шаардагдаж, үүнийг бонд эзэмшигчид буюу Монголбанк болон арилжааны банкууд үүрэхээр байгаа аж.
Засгийн газар энэ жилээс орон нутагт 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар баталсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нд өөрчлөлт оруулж, өмнө нь нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.
Орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай бол урьдчилгаа төлбөр нь 30 хувиас бага байж болохоор зохицуулалтыг журамд тусгаад байгаа юм. Түүнчлэн 2023 оны улсын төсөвт орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдэд 3 жилийн хугацаанд 3 хувийн хүүгийн хөнгөлөлт олгох эх үүсвэрийг суулгаж өгсөн. Сангийн яамнаас холбогдох гэрээ, төслийг банкууд, Зээлийн батлан даалтын сан болон Монголбанканд хүргүүлэн холбогдох саналыг аваад байна. Тиймээс энэ үйл ажиллагааг ойрын хугацаанд хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байна.