Он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.
Тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн авч байгаа аж. 2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нүүрсний нийт экспорт 8.7 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3.6 дахин, төмрийн хүдрийн нийт экспорт 0.9 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар, газрын тосны экспорт 0.8 сая баррельд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 100 хувиар тус тус өссөн байна.
Гадаад валютын улсын нөөц энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 21 хувиар өсжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн байна. Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын экспортыг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулж буй.
"Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд хоёрдугаар сарын 9-нд экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг албан ёсоор эхлүүлж амжилттай зохион байгуулсан. Энэ хугацаанд нийт таван арилжаа зохион байгуулж, 204.8 мянган тонн нүүрс дуудлага худалдаагаар анхны үнээс 0-12.2 хувиар өсгөн 37.3 сая ам.доллартой тэнцэх хэмжээний валютаар худалдсан байна.
Цахим арилжаагаар борлуулсан нүүрсний экспортын тээвэрлэлтийн хувьд туршилтын арилжаагаар худалдаалсан нүүрсийг “Энержи Ресурс” ХХК Гашуунсухайт терминалаас экспортод гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК анхны цахим арилжаагаар борлуулсан нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж, тээвэрлэлтийг хэвийн хийж байгаа аж.