ТӨВ: Төв аймгийн 1000 ээж 8 дахь жилдээ чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-07 16:11:02

Зуунмод /МОНЦАМЭ/ Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Миний сайхан 1000 ээж” хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр "Монгол туургатан" театрт боллоо. Тус үйл ажиллагааг Төв аймгийн Засаг дарга Дэмбэрэлийн Мөнхбаатарын ивээл дор Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран 8 дахь жилдээ зохион байгуулж байна.


Анх 2015 онд аймгийн Засаг даргын орлогч, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбооны тэргүүн Г.Сурмаагийн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн уг үйл ажиллагаа эдүгээ олон ээж, эмэгтэйчүүдийн хүсэн хүлээдэг баяр болж өргөжжээ.

Энэхүү баярын өдөр хийж бүтээсэн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан олон ээж төрийн дээд одон медаль,        аймаг, сумын нэрэмжит шагналаар энгэрээ мялааж, хүндэтгэлийн тоглолт хийж сонорыг нь мялаадаг юм.

Ээжүүдээс сэтгэгдлийг сонсоход, “Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр хүсэн хүлээдэг. Учир нь нутгийнхаа эмэгтэйчүүдийг эрүүл саруул, энх тунх байгааг харж, уулзалдахдаа жаргалтай байдаг. Энэ нь нэгэн бодлын сар шинийн баярын золголт шиг мэнд мэдэх нэгэн баяр шиг санагддаг” гэсэн юм. Харин Зуунмод сумын V багийн өндөр настан хэлэхдээ, "Нас өндөр болох үед гарч орох нь багасчихдаг учраас уйдаж, хүний хүслэн болсон байдаг. Иймд энэ үйл ажиллагаанд оролцох нь бараг л хонхны баяртаа очиж байгаа мэт их сайхан байдаг" гэсэн юм.

Энэ өдөр “Эрхмийн дээд ижий” өргөмжлөлөөр:

- Баяртын Өлзий

- Дамдины Дулмаа

- Шаравын Цэвэлмаа

- Лэгцэгийн Батсуурь

- Санжаабазарын Рэнцэнханд

- Шагдсүрэнгийн Дуламсүрэн

- Дашдоржийн Галя

- Дашзэвэгийн Нарангэрэл

- Ганболдын Болор нарыг шагнасан бол


 “Хүндэт ээж” цол, тэмдгээр:

-  Э.Энхзаяа

-  Н.Дарьдмаа

-  Д.Амаржаргал

-  Б.Ганхүү

-  Н.Оюун

-  А.Оюунцэцэг

-  Н.Туяа

-  Ц.Хорлоо нарыг шагнасан юм.


Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг дэлхий дахинаа 112 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс, эх орныхоо хөгжлийн төлөө, өрх, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүч бүхнээ зориулж байгаа эрхэмсэг гоо бүсгүйчүүд маань салбар бүрд манлайлан оролцож, монгол хүний, монгол гэр бүлийн, Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

 

相关新闻