ТӨВ: Улаан чулуутын хадны зураг, бичээс
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ Он цагийн хувьд хүрэл зэвсгийн үеэс дундад эртний улсуудын үе хүртэлх цаг хугацааны өргөн хүрээлэлд хамаардаг түүхэн дурсгалт хадны зураг, бичээс Төв аймагт бий. Энэхүү бичээс нь Лүн сумын төвөөс баруун урагш 25 км зайд Хангайн даваа, Чавганцын хөтлийг даваад Бор хөндийг туулж, замын урд үргэлжлэх уулсын дунд орших өвөлжөөний арын баруун хойноос зүүн урагш чиглэлтэй, үелэн тогтсон занарлаг хаданд ганц нэгээс бөөн байдлаар нийт 31 хэсэг хаданд хүн, амьтан, тамга гэх мэт олон тооны дүрслэл байдаг.
Улаан чулуутын хаданд янгир, аргаль, буга, адуу гэгчлэн Монголын хадны зургийн хамгийн түгээмэл
дүрслэгддэг мал, амьтдыг тухайн зураачийн ур дүйтэй холбоотой орон нутгийн
шинжтэй ялимгүй онцлогтой урлажээ.
Харин нүүдэлчдийн эсгий сууцны үүсэл Монгол нутагт тавигдсан болохыг гэрчилсэн хана, унийг махир модоор оруулсан бөмбөгөр хэлбэрийн сууц буюу товь гэрийг дүрсэлжээ.
Уг товь гэрийн дүрслэлийн хамт өдгөө Монгол Улсын дархад угсаатан хэрэглэж буй сүйхийг /морь булхиа/ хамт дүрсэлсэн нь нүүдэлчдийн аж байдал сууц, адуу малын тоног хэрэгслийн үүсэл гарал, он цагийг тодруулахад багагүй нөлөө ач холбогдолтой, сонирхолтой дүрслэлтэй дурсгалт газар юм.
Мөн гурван хэсэгт түрэг, уйгурын руни бичгийн дурсгал болоод монгол, түрэг, уйгурын үед холбогдох 53 тамга сийлбэрлэж үлдээсэн нь тухайн үеийн овог аймгуудын нутаг дэвсгэр шилжилт хөдөлгөөнийг тодруулахад чухал дурсгал болно.
Энэхүү дурсгалыг археологич доктор Р.Төрбат 2014 онд илрүүлж, 2016 онд Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Я.Цэрэндагва, С.Далантай нарын хамт бүртгэн гэрэл зургаар баримтжуулан, 2017 онд Археологийн хүрээлэнгийн "Археологи судлал" сэтгүүлд "Улаан чулуутын өвөлжөөний хадны зураг, бичээсийн дурсгал" нэртэйгээр нийтлүүлсэн.
Эх сурвалж: Рэнцэндоржийн Төрбат "Лүнгийн хадны зураг" 2022 он. тал 88-117, 156-157
МОНГОЛЫН АРХЕОЛОГИ -
2016. тал 38
Гэрэл зургийг
Г.Дагмидмаа 2022.03.02.