“Эрдэнэс Монгол” ХХК жилд 200 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гашуунсухайт автозам" компанийн зам ашиглуулсны түрээсийн орлогоор 2022 оны 12 дугаар сар хүртэл санхүүжиж байсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг өөрчилснөөр 2023 оноос багадаа 200 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэх боломжтой.
Энэ мөнгөөрөө Монгол
Улсын эдийн засагт чухал ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх,
олон улсын хөрөнгө оруулалт босгох, төсөл хэрэгжүүлэх боломжтой компани болсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс
Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тэмдэглэлээ.
Тэрбээр, Засгийн
газраас “Эрдэнэс Монгол" ХХК-д хийсэн дүрмийн өөрчлөлтийн хэрэгжилт, үйл
ажиллагааг сайжруулах зорилгоор хүний
нөөцийг хэрхэн сонгон шалгаруулж бүрдүүлсэн, ямар баг бүрэлдэхүүнтэй
ажиллаж байгаа болон ТӨК-иудын
үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд тус компанийн харьяа 39 байгууллагын төсвийн үр ашигтай
зарцуулалтыг сайжруулах талаар
хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцжээ.
Энэ үеэр “Эрдэнэс
Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт шинэ бүтэц бүрэлдэхүүнээр хүний
нөөцөө бүрдүүлснээс хойш хэрэгжүүлж байгаа, ялангуяа төсвийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд хийж буй ажлуудаасаа онцлов.