ТӨВ: “Цагаан сарнай-2023” бүжгийн тэмцээнийг 6 ангиллаар зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд уламжлал
болгон зохион байгуулдаг “Цагаан сарнай” бүжгийн тэмцээн энэ сарын 14-нд Зуунмод хотод болно.
Анх 2019 онд зохион байгуулж эхэлсэн бөгөөд 27 сумын 500 гаруй тамирчин оролцдог томоохон цар хүрээ бүхий үйл ажиллагаа юм.
Тус үйл ажиллагааны
талаар Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэгээс
тодруулбал,
“Цагаан сарнай” бүжгийн тэмцээн нь хүүхэд, залуучууд болон иргэдийн дунд бүжгийн спорт түүний ач холбогдлыг сурталчлан таниулах, сонирхогчдын цар хүрээг нэмэгдүүлэх, бүжгийн спортоор дамжуулан гоо зүйн боловсрол олгох, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилготой юм.
Энэ жилийн тэмцээнийг 18 хүртэлх насны 6 ангиллаар Монголын бүжгийн спортын холбооны дүрмийн дагуу Скейтинг 5,0 системийг ашиглан зохион байгуулна. Тэмцээний төрөл нь Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын сонгон шалгаруулалт, зэрэглэлийн, тамирчин хөгжүүлэх хосын, болон соло төрөл байх юм.
-Энэхүү тэмцээнээс ямар
үр дүнг хүлээж байгаа вэ?
-Аймгийн нийт хүүхэд багачууд бүжгээр дамжуулан төлөвшиж, бүжгийн спортоор хичээллэх хүсэл эрмэлзэл нэмэгдэнэ гэж харж байна. Мөн тэмцээнийг үзсэн үзэгчдэд бүжгийн спортыг сурталчлан таниулж, аймгийн хэмжээнд шинээр бүжигчид төрөн гарна гэж бодож байна.
Энэ өдөр 27 сумын
багш, дасгалжуулагчид, бүжигчид уулзалддаг. Энэ үеэр бусдынхаа ажлын үр
дүнтэй танилцаж, харьцуулж үзэх боломж олгох, мэдсэн сурсанаа бусдад үнэлүүлэх,
бусдаас суралцах боломж бий болох юм.