Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хандивын гүйлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Ахилис Монгол” байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар 2016” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих бүх нийтийн гүйлт ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Гүйлтийг 3, 5, 10, 21, 42 км гэсэн таван төрөлтөөр явуулах бөгөөд урьдчилсан байдлаар 380-аад сайн дурын ажилтан, 30-аад аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл гүйлтэд оролцохоор бүртгүүлсэн байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээнд нийслэлийн ЗДТГ, Замын цагдаагийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллага хамтрагчаар оролцох юм. Дэмжигч байгууллагуудын зүгээс эрүүл мэндийн үзлэг, спортын заавар зөвлөгөө, хамтарсан байгууллагын сурталчилгаа зэргийг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болжээ.
Гүйлтэд оролцох иргэд www.achillismongolia.mn хаягаар орж гүйлтийн төрлөө сонгон өөрийн дугаараа авна. Эсвэл Ариг банкинд мөнгөө тушаан дугаараа авч болох гэнэ. Бүртгэлийн хураамж аль төрөлтөд гүйхээс хамаарч 5-25 мянга төгрөг байх ба тус хураамжийг 100 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандивлах аж.
М.Бумсүрэн
Гэрэл зургийг Н.Батбаяр