ТӨВ: Дулааны дэд станцын ажлыг төлөвлөсөн графикийн дагуу гүйцэтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. БНСУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй Зуунмод-Дулааны станцын ажил эхэлсэнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд гүйцэтгэгч компаниудтай уулзалт хийлээ.
Тус уулзалтаар газар шорооны ажлууд болон 1-р хэлхээний ажлыг хаанаас эхлэн хэдий хугацаанд хийх талаар зураг схем дээр тодорхой ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Энэ үеэр Төсөл эрхэлсэн захирал Б.Нацагням, Төслийн туслан гүйцэтгэгч “Энерго сервес монтаж” ХХК-ийн мэргэжилтнүүд хэлэхдээ, Дэд станцын барилга угсралт, суурийн ажил дуусч тоног төхөөрөмж, тогооны суурь, бусад бетон хийцийн ажлууд төлөвлөсөн графикийн дагуу хугацаандаа явж байгааг онцлов.
Уг дулааны станц нь БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “10 аймгийн төвд дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд байгуулж буй ажил юм. Төв аймгийн Зуунмод хотод 30 мегаваттын дулааны станц барих ажлыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн бөгөөд аймгийн төвөөс 2,5 км зайд 9 түгээх төв бүхий 10,1 км шугамын урттай, нийт 17 барилга байгууламжтай байхаар төлөвлөсөн.