“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежментийг сайжруулснаар ногдол ашиг олгох боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны энэ сарын 11-нд хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч цаашид хэр хугацаагаар үүргээ гүйцэтгэх, нүүрсний чанар, стандартыг хэрхэн сайжруулах, нүүрсийг сорчилж борлуулах байдлыг хэрхэн өөрчлөх, 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах талаар хэрхэн ажиллах талаарх асуултуудыг асуусан. Уул уурхайн сайд Ж.Ганбаатар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид Засгийн газар цаашид ямар менежмент явуулах, үр ашгийг дээшлүүлэх талаар ярилцаж байна. Энэхүү бодлого тодорхой болох хүртэл бүрэн эрхт төлөөлөгчийг сунгаж ажиллуулахаар ярилцаж байна. Бүрэн эрхт төлөөлөгчийн оронд менежментийн нээлттэй баг бүрдүүлэн ажиллах боломжтой. Нүүрсний чанар стандартыг сайжруулахад хамгийн чухал нь нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтад яаралтай оруулах ёстой. Цаашид нүүрсний үнийг 170 ам.доллараас доош буулгахгүйгээр борлуулах гэрээг байгуулна. Уул уурхайн биржийн тухай хууль хэрэгжихээр урт хугацааны гэрээг байгуулж ажиллана" гэв.
Засгийн газрын Онцгой бүхэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат "1072 хувьцааны ногдол ашиг болгож 2019 онд 96 мянган төгрөг, дараа нь цар тахлын үе буюу 2020-2021 онд мөн ногдол ашиг олгосон. Компанийн үр ашгийг нэмэгдүүлж, менежментийг сайжруулснаар ногдол ашиг олгох боломжтой. Гэхдээ нүүрс угаах үйлдвэр ашиглалтад оруулсны дараа ашиг нэмэгдэж, нүүрсний экспортод том ахиц гарна. Мөн нүүрсийг зөвхөн сорчилж бус эрчим хүчний нүүрс, хагас коксжсон нүүрсээ борлуулах гэх мэт менежментийг хэрэгжүүлснээр компанийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой" хэмээв.