Тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн Үндэсний хэлэлцүүлэгт ТББ-уудын саналыг авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны 7 дугаар сард НҮБ-ын дээд түвшний уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж хамгаална. Үүний өмнөх бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээ дүгнэх үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нээж хэлэхдээ, “Монгол Улс үндэсний хоёр дахь илтгэлээ боловсруулж ТББ,
иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил зэрэг олон талт төлөөллийг
оролцуулан хэлэлцүүлж байна. ЭЗХЯ
талуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулж боловсруулсан сайн дурын
илтгэлдээ дахин санал авч байгаагаараа онцлог” гэдгийг тэмдэглэв.
Тэрбээр, “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл” нь Монгол Улсыг дэлхийтэй хөл нийлүүлж, тогтвортой хөгжлийн зорилт, бодлогыг хэрэгжүүлж байгааг нотлон харуулж, нийгмийн бүхий л бүлэгт эдийн засгийн хүртээмжийг хүртээж чадаж байгааг харуулахаараа өндөр ач холбогдолтой” гэдийг онцлон хэллээ.
Хэлэлцүүлэгт НҮБ-ын
Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра оролцож хэлэхдээ, “Улсаараа тэгш хүртээмжтэй
хөгжихийн тулд бүс нутгийн хөгжилд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа”-г онцолж, хөдөө орон нутагт ажлын байр
бий болгох, эдийн засгийн дахин төлөвлөлт хийх шаардлага тулгарсан гэдгийг тэмдэглэн хэлэв.
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэлээ 5 дугаар сард эцэслэнэ.
Манай
улс Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд шаардлагатай санхүүжилтийн эх
үүсвэрийг нэмэгдүүлэх, санхүүгийн эх үүсвэрээ оновчтой чиглүүлэх, дайчлах
зорилгоор “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги”-г боловсруулж буй дэлхийн
86 орны нэг юм.
Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд бүх нийтээр Тогтвортой
хөгжлийн зорилгуудыг хангасан байх амлалтыг хүлээсэн. Эдгээр зорилгын
хэрэгжилтийг үнэлж дүгнэж Үндэсний сайн дурын илтгэлийг НҮБ-д тайлагнадаг.
Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний сайн дурын
анхдугаар илтгэлийг 2019 онд НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад
амжилттай танилцуулсан юм.