Б.Энх-Оргил дэлхийн дэвжээнд анхны тулаанаа хийхээр Бангкокийг зорьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "ROAD TO ONE MONGOLIA" шоуны ялагч, “Шандас ММА” клубийн тамирчин Б.Энх-Оргил энэ сарын 21-ний өдөр Тайланд улсын нийслэл Бангкок хотын алдарт Лумпини цэнгэлдэхэд ONE Championship-ын анхны тулаанаа ONE Lumpinee-13 эвентийн үеэр хийнэ. Тэрбээр өчигдөр Бангкок хотод очин бэлтгэлээ эхлүүлжээ.
ONE Lumpinee-13 эвентийн үеэр 10 муай-тай /Тайланд бокс/, 2 холимог нийт 12 тулаан болох юм. Тус тэмцээнд Тайланд, ОХУ, Бразил, Mонгол, Хятад, Турк, Mалайз, Филиппин зэрэг орны тамирчид тулалдана.
ONE WARRIOR SERIES PHILIPPINES-ийн ялагч Адонис Севилленотой тулалдах 34 настай Б.Энх-Оргил мэргэжлийн түвшинд 7 ялалт, 2 ялагдалтай бол түүний өрсөлдөгч 29 настай Адонис Севиллено сонирхогчийн зэрэглэлд нэг ялалт, мэргэжлийн түвшинд 2 ялалт, 3 ялагдал хүлээж байжээ.
Mонголд энэхүү тулааныг Premier Sports Network 2023 оны 4-р сарын 21-ний 20.30 цагаас шууд дамжуулах юм байна.