“Оюутолгой” төслийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг томилохоор нэр дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Оюутолгой” төслийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр ажиллах хүнийг нэр дэвшүүлсэн байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ залуу үеийн төлөөлөл болсон Жамбалдорж овогтой Таныг Ерөнхий сайдаас санал болгосны дагуу нэр дэвшүүлж байгааг хэлэв. Товч намтар:
Боловсрол:
2007 онд АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн.
2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан.
2016 онд Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх "Глобал Шэйпэрс" нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
2012-2013 онд Квинсландын их сургуульд Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан.
Ажлын түүх:
2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг "Рио Тинто"-гийн Австрали дахь компанид Технологи, инновацын хэлтэст бизнесийн шинжээч,
2012-2013 онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч,
2013-2015 онд "Оюутолгой" компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байсан.