Азийн аваргаас манай тамирчид дөрвөн медаль хүртээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТБутан улсын Тимпу хотноо болж байгаа бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик ангиллын 60 кг-д манай тамирчин Г.Гансаруул түрүүлж, Ази тивийн аварга болов.
Г.Гансаруул нь Тайландын Бангкок хотноо 2015 онд болсон бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээний хүрэл медальтай Монголын эмэгтэй бодибилдингийн шилдэг тамирчдын нэг юм.
Мөн эмэгтэйчүүдийн Over 160 см ангилалд дэлхийн аварга Г.Угалзцэцэг алт, эрэгтэйчүүдийн атлетик 165 см ангилалд Д.Мөнх-Эрдэнэ мөнгө, Up to 170 см ангилалд Н.Түвшинбаяр хүрэл медаль тус тус хүртжээ.
Тус тэмцээнд манай улсын 10 тамирчин өрсөлдсөнөөс одоогоор хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Л.Баянхүү, А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг нар өнөөдөр өрсөлдөх аж.
Ж.Болор