БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон албаныхан ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-04-25 13:58:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон албаны төлөөлөгчид Дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ХБНГУ-д албан айлчлал хийж байна.

 

Айлчлалын эхний өдөр Берлин дэх Монгол Улсын Элчин сайдын яамны байраар зочилж, тус улсад мэргэжил эзэмших зорилгоор ажлын байранд дагалдан суралцаж буй оюутнууд болон ажил олгогчдын төлөөлөлтэй уулзжээ. ХБНГУ-ын мэргэжлийн боловсрол, сургалт нь ажлын байр, үйлдвэрлэлийн орчин болон сургууль дээр хосолсон байдлаар хэрэгждэг онцлогтой.

Уг "хосмог" сургалтын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхээр мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаад байгаа юм.

"Түвд агентур" байгууллага нь 2008 оноос хойш мэргэжлийн боловсрол, сургалт, ур чадварын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. Жилд 30 орчим оюутан зуучилдаг. 2017 оноос хойш мэргэжил, ур чадвар эзэмшихээр хүсэж буй 200 гаруй залууг ХБНГУ дахь ажил олгогч болон сургалтын байгууллагатай холбосон байна.

Хэлний бэлтгэл, нийгмийн харилцаа, дасан зохицох сургалтыг зохион байгуулдаг.

ХБНГУ-ын мэргэжлийн боловсролын хосмог тогтолцооны дагуу дийлэнх мэргэжлийн хугацаа нь 3 жил байдаг. Сургалтын хугацааны 70-80 хувь нь ажлын байр, үйлдвэрлэлийн орчинд, 20-30 хувь нь сургууль дээр зохион байгуулагддаг. Мөн суралцагч нь ажил олгогчтой хөдөлмөрийн болон дагалдан суралцах гэрээ байгуулж, хөдөлмөрийн харилцаанд орсноор суралцаж байх хугацаандаа сард 965-1500 орчим еврогийн цалин авч, албан журмын нийгмийн даатгал, татвар төлдөг байна.

 

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан уг уулзалтад оролцсон ажил олгогчдод Монгол Улсаас суралцаж буй залуучуудыг дэмжиж, мэргэжлийн ур чадвар олгож буйд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. 1926 онд анхны 35 монгол залуу мэргэжлийн өндөр ур чадвар, боловсрол эзэмшихээр Герман Улсад ирсэн байдаг. Одоо тус улсад суралцаж буй хүүхэд, залуучууд бол Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны дараагийн 100 жилийн түүхийг бичилцэж байгааг онцоллоо гэж БШУЯ мэдээлэв.

 



相关新闻