ДОРНОГОВЬ: Эрүүл мэндийн төвийн барилгыг долоодугаар сард хүлээлгэн өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-25 09:26:06

Даланжаргалан /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 15 ортой эрүүл мэндийн төвийн барилгын шинээр барьж байгуулах ажил Даланжаргалан суманд өрнөж байна.  Барилгын ажлын санхүүжилтийг өнгөрсөн оны улсын төсөвт тусгасан бөгөөд “Элит конкрет” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж буй.

Тус компани барилгын ажлыг ирэх долоодугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Даланжаргалан сум засаг захиргааны анхан шатны Элдэв, Өнгөт, Бичигт, Цомог, Олон-Овоо гэсэн таван багтай, 2916 хүн амтай. Тус сум 404.5 мян.га газар нутагтай, нутгийнхаа баруун болон хойд талаараа Дундговь, Говьсүмбэр, Хэнтий аймагтай, бусад талаараа өөрийн аймгийн Айраг, Иххэт сумтай хиллэн оршдог.

Нийслэл Улаанбаатар хотоос 300 км, аймгийн төв Сайншанд сумаас 156 км-т төвлөрдөг. Төрийн өмчийн 195 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай  2 цэцэрлэгтэй, Ерөнхий боловсролын есөн жилийн сургууль, болон Олон-Овоо багийн бага сургуульд нийт 500 гаруй хүүхэд суралцаж байна.

Өрхийн Эрүүл мэндийн шинэ төвтэй болсноор хүн амд хүргэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжирна хэмээн албаныхан мэдээлэв.

相关新闻