Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлснээр жуулчны урсгалыг нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-15 14:59:16

Улаанхад, 2025 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаан хад хотын Онниуд хошууны нутагт байх Хашлууны элсэн нуурын аялал жуулчлалын бүс нь соёлын өвийг сурталчилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна.


Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун талд байрладаг энэ бүс нутгийн 40 гаруй хувь нь  хуурай гандуу хөрстэй, элсэн цөл байжээ.


Хятадын Засгийн газраас ногооруулах ойжуулах, элсний нүүдлийг багасгах бодлогыг баримталж, орон нутгийн иргэдийг тодорхой урамшуулал, цалин мөнгөтэй ажиллуулснаар 100 гаруй км үргэлжилсэн элсэрхэг энэ газарт ургах чадвартай бургас, харгана зэрэг мод тарьж, элсний нүүдлийг ч тодорхой хэмжээнд зогсоож чаджээ.


Элсний нүүдлийг зогсоож байгаль орчны эко системийг нөхөн сэргээсэн туршлага хийгээд энэ бүс нутагт  байсан Хятадын эртний түүхтэй Хуньшань соёлыг түшиглэж соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж эхэлжээ. 


Учир нь энэ нутгаас 1971 онд хятадын анхны хаш лууны дурсгалт олдвор олджээ. Харин Бээжин хотын Улсын музейд хаш лууны эх хувилбарыг үнэт үзмэр болгон байршуулсан байна.


Лууны дурсгал буюу Хунь Шань соёл нь одоогоос 5-6 мянган жилийн тэртээх  цаг хугацааг хамаардаг бөгөөд тухайн нутаг орны хүмүүсийн амьдрал, зан заншил түүхийг өгүүлдэг. 


Өөрөөр хэлбэл, тэр үеийн хүмүүс тариа тарьж, ваар урлаж, хүн байгалийн шүтэлцээг эрхэмлэж, байгалийн хүчийг шүтэж амьдарч байсныг Хун Шань соёлоор илэрхийлдэг аж.


Хаш луу элсэн нуурын аялал жуулчлалын газрын нэг онцлог нь соёлын өвийн дурсгалт газрууддаа лууны дүрс бүхий дурсгалыг бүтээж харуулахын зэрэгцээ үйл явдалд сэдэвлэсэн эртний домгуудаар баяжуулж,  бэлэг дурсгалын зүйл болгоод зах зээлийн маркетинг ашиглан хүмүүст хүргэдэг онцлогтой.


Учир нь лууны дурсгалыг  үзэж, харсан хүний ажил бүтэж, амжилт дагуулдаг гэх эртний олон домгийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон ашигладаг гэсэн үг.


Мөн аялагч жуулчид тухайн соёлын өвийн газруудаар явахаас гадна тус хотод байх Хунь Шань соёлыг   харуулсан бодит үзмэр болон виртуал хэлбэрээр бүтээсэн музейг үзэж, байгаль дээр харсан зүйлээ музейн үзмэрээр баталгаажуулна.


Хаш лууны элсэн нуурын аялал жуулчлалын бүсэд хамаарах газарт байгалийн сайхан бүхий ой мод  үргэлжилж,  жижигхэн нуурт загас жараахай чуулж, үзэмж бүхий уул толгод олны сэтгэлийг хөглөнө.


Нуурын дэргэдэх нэгэн бичгийг сийрүүлбээс "Сэтгэл зүрхээ Хаш луу нуурын зүрхэнд үлдээгээрэй" хэмээн бичсэн  нь  хүмүүний сэтгэлд итгэл найдварыг буй болгох өнөөх эртний домгоос үүдэлтэй.


Аялал жуулчлалын газрыг тойрсон тохь тухтай чингэлэг хэлбэртэй бааз, сууцнууд байх агаад оргил үедээ өдөртөө 50 мянга гаруй жуулчин хүлээн авдаг байна.


Мөн ирсэн гийчдэд тэмээ унуулж орлого олдог. Энд жил бүр бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийснээр соёлын аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлж байна. 




相关新闻