Япон улсад суралцаж төгссөн 750 оюутан мэргэжлээрээ ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-наас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 инженер-Ажлын байр 2023" өдөрлөгийг 4 дэх жилдээ зохион байгууллаа.
Өдөрлөгт төслийн хүрээнд Япон
Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж, 2023 оны
3 дугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 37, Бакалаврын
хамтарсан хөтөлбөрийн 68, нийт 105 төгсөгч оролцов.
Эдгээр төгсөгчид япон, англи
хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон Улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж, барилга, дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг
мэргэжил эзэмшжээ. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон
Улсын их сургуулийн болон ШУТИС-ийн хос дипломтой төгсдөг давуу талтай.
Өдөрлөгт барилга, мэдээллийн
технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын
ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломж бүрдэж буй юм.
ЖАЙКА-гийн Монгол
дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи хэлэхдээ, “Эдгээр залуус Япон улсад
суралцан төгсөж ирээд эх орондоо мэргэжлээрээ ажиллах нь Монголын эдийн засгийг
хөгжүүлэхэд түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Энэхүү төслийн хамгийн сүүлийн төгсөгчид 2026 оны гуравдугаар
сард төгсөнө. ЖАЙКА ОУХАБ цаашид ч Монголын эдийн засгийн хөгжлийг авч
явах залуучуудыг дэмжих, хүний нөөцийг бэлдэхэд гол анхаарлаа хандуулдаг ба
зөвхөн энэ төслөөр биш өөр олон төрлийн дэмжлэгийг үзүүлж байгаа" гэв.
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай: БШУЯ-наас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 891 хүнийг Япон улсад Коосэн, бакалавр, магистр, доктор, судлаач оюутнаар шилжүүлэн сургасан. Эдгээрээс 750 оюутан төгсөөд улс орондоо мэргэжлээрээ ажиллаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард 105 оюутан төгсөж ирсэн. Эдгээр оюутнаа ажлын байранд зуучилж ажилтай болгочих юм бол оюутнууд маань 100 хувь ажлын байртай болно. Өнөөдрийн байдлаар, “Dentsu Data artist Mongol” компани таван оюутныг ажлын байраар хангаж томилолт, урилгаа гардуулаад байна.
“Моннис моторс” ХХК-ийн Хүний
нөөцийн ахлах менежер А.Наран: Манай компани ажлын байрны өдөрлөгийг анх зохион байгуулж эхэлснээс нь хойш
оролцож байна. Анхны төгсөгчдөөс хоёр залуу манай компанид ажиллаж байна. Нэг
нь худалдааны төлөөлөгч буюу механик инженер мэргэжлээр гурав дахь жилдээ
ажиллаж байна. Нөгөө төгсөгч маань Ниссан корпорацаас явуулдаг албан ёсны сургалтын
инженерээр ажиллаж байгаа. Тухайн хөтөлбөрт хамрагдсан оюутнууд давуу талтай.
Тухайлбал, япон болон англи хэлний мэдлэгтэй, механик инженер мэргэжлээрээ илүү
мэргэшсэн.
"Инженер, технологийн дээд боловсрол" төсөлд хамрагдсан Ө.Мягмардаш: Вакаяма их сургуулийн бакалаврын хөтөлбөрт Хүрээлэн буй орчны инженер
мэргэжлээр хоёр жил суралцаж төгссөн. Өнгөрсөн гуравдугаар сард төгсөөд ирсэн. Ажлын
байрны өдөрлөгт оролцож буй компаниудаас хүрээлэн буй орчны чиглэлээр ажилладаг
MCS,
АПУ зэрэг компанид ажиллах сонирхолтой байгаа. Япон
хүмүүсийн соёл, япончуудын заах арга барилаас суралцсан. Японд сурч,
эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд зориулах бодолтой
байгаа.
Өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, ШУТИС-тай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулав.