ТӨВ: "Монгол генералын өдөр" тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Монгол Улсад генерал цол бий болсны 79 жилийн ой, “Монгол генералын өдөр” өнөөдөр тохиож байна.
1944 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх эрхэм хүндтэй энэхүү цэргийн дээд цолыг манай улсад бий болгожээ. Улмаар “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамлаж анх 11 хүнд олгож байжээ.
Энэ хугацаанд Төв аймгийн хувьд 16 генерал төрөн гарсан юм. Тодруулбал,
Төв аймгийн Алтанбулаг сумын харьяа Хурандаа генерал Бутачийн Цог.
Тэрбээр 1948 оноос хойш тасралтгүй 43 жил цэргийн дээд удирдлага буюу ЗХЖШ-ын дарга, орлогч сайд, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байв. 1950 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор хошууч генерал цол хүртсэн, Монгол Улсын 18 дахь генерал. Түүнээс хойш 11 жилийн зайтай хоёр ч удаа цол ахиж,1961 онд дэслэгч генерал, 1971 онд хурандаа генерал болжээ. Түүнчлэн 1981 онд БНМАУ-ын баатар цол олгожээ.
Монгол Улсын 35 дахь
генерал Хошууч генерал Эмгэний Цэрэндорж нь 1919онд Төв аймгийн, Баяндэлгэр сумын
нутагт малчин ардын гэр бүлд төржээ. Хошууч генерал Э.Цэрэндорж 1940 онд Ардын
хувьсгалт цэргийн албанд татагдан ирж байлдагчаас нэгтгэлийн дарга хүртэл
дэвшин ажиллаж цэргийн албыг 30 гаруй жил тасралтгүй хашиж байжээ. 1942 оноос
салаа, сумангийн дарга, батальон, хорооны штабын дарга, цэргийн ерөнхий
сургуулийн сурах хэлтсийн туслах, ангийн дарга, 1964-1974 нэгтгэлийн дарга
зэрэг албан тушаалд үр бүтээлтэй ажиллаж ирсэн байна. Хошууч генерал Э.Цэрэндорж нь манай ардын
армийн шилдэг дарга нарын нэг юм.
Ардын цэргийн жанжин, хурандаа
генерал Санжийн Батаа Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт төрсөн. С.Батаад БНМАУ-ын Сайд нарын
Зөвлөлийн 1950 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар тогтоолоор хошууч генерал
цол, 1952 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 230 дугаар тогтоолоор дэслэгч генерал
цол, 1978 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 316 дугаар тогтоолоор хурандаа генерал цол хүртжээ.
Мөн МАХН-ын Төв
Хорооны Улс төрийн Товчооны 1982 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаар
тогтоолоор Монголын ардын армийн 096 дугаар ангийг хурандаа генерал С.Батаагийн
нэрэмжит болгон дурсгалыг нь мөнхжүүлсэн ажээ.
Хошууч генерал
Ц.Геннадий нь 1939 онд Улаанбаатар
хотод төрсөн Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, Монгол Улсын баатар,
хурандаа генерал Бутачийн Цогийн хүү. Ц.Геннадийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 3
дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаар тогтолоор хошууч генерал цолоор шагнажээ.
Ц.Геннадий 1969 онд цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Монголын
анхны эрдэмтэн юм.
Хошууч генерал Пүрэвийн Мөнхдорж 1947 онд Төв аймгийн Өнжүүл, одоогийн Бүрэн сумын нутаг Ар
үнэгт гэдэг газар төрсөн. БНМАУ-ын 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 191 дүгээр
тогтоолоор хошууч генерал цолоор шагнажээ. Мөн олон шүлэг, дууны үг бичсэн нь
“Сэтгэлийн мөнгөн чагтага” нэртэйгээр хэвлэгдсэн яруу найрагч юм.
Хошууч генерал Гэмбэлийн Дугарсүрэн 1931 оны төмөр хонин жил Төв аймгийн Баянбараат сумын 2-р багийн нутаг,
өндөр гэгээн Занабазарын Адагийн баян хошуу хэмээх газар төржээ. Тэрээр цэргийн
нэгтгэл, анги, салбарын дарга, улс төрийн орлогч, армийн улс төрийн газрын 1-р
орлогч дарга, БНМАУ-аас Москвад суугаа ЭСЯ-ны дэргэдэх
Цэрэг-агаарын цэргийн атташегийн албыг тус тус хашиж байв. Түүний гавьяа
зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаар тогтоолоор цэргийн дээд цол, Хошууч генерал цол
хүртээжээ.
Хошууч генерал Осорын Отгонжаргал 1928 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Ташгайт хэмээх газар төржээ. Төв гал командын дарга, Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын даргаар ажиллаж Цагдан сэргийлэх анги, байгууллагуудын үйл ажиллагааг шинэчилж, хууль, дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулсан шилдэг удирдагч байсан. Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 226-р тогтоолоор цэргийн дээд цол, Хошууч генерал цол хүртээжээ.
Бэлтгэл хошууч генерал Сүрэнхүүгийн Баасанхүү 1954 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. Цэргийн ерөнхий дээд
сургууль, Малиновскийн нэрэмжит хуягт танкийны цэргийн академи, К.Е.Ворошиловын
нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг дүүргэсэн. Цэргийн
шинжлэх ухааны доктор, профессор тэрээр ардын армийн нэгтгэл ангийн захирагчаас БХЯ-ны
газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын 1-р
орлогч, БХЯ-ны дэд сайдаар тус тус ажиллаж байсан. Түүний гавьяа зүтгэлийг төр Засаг
өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 203
дугаар зарлигаар Цэргийн дээд цол Хошууч генерал цол олгожээ. Хошууч генерал
С.Баасанхүү өнөөдрийн байдлаар “Монгол генерал төв” төрийн бус байгууллагын
тэргүүнээр ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, бэлтгэл Хошууч генерал Жамбаагийн
Бадамбазар 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Зэвсэгт хүчний нэгтгэл ангийн
захирагчаас Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, “Иракийн эрх чөлөө”
энхийг сахиулах, хүмүүнлэг, сэргээн босголтын ажиллагаанд Зэвсэгт хүчнээс
оролцсон анхны багийн захирагчийн орлогч зэрэг албан тушаалыг шат дараалан хашиж
байсан түүний гавьяа зүтгэлийг төр Засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2017 оны 1 дүгээр 4-ний өдрийн 02 дугаар зарлигаар цэргийн
дээд цол Хошууч генерал цол хүртээжээ. Хошууч генерал Ж.Бадамбазар одоо Турк
улсын цэргийн атташегаар томилогдон ажиллаж байна.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Бригадын генерал Чимэддоржийн
Сосорбарам 1958 онд төрсөн. Цэргийн их сургуулийн цэргийн техникийн шинжлэх
ухааны магистр, ЗХЖШ-ын Цэргийн удирдлага, автоматжуулалтын хэлтэс, БХЯ-ны Батлан
хамгаалах бодлого төлөвлөлтийн газрын орлогч дарга, Ерөнхийлөгчийн Тамгын
газарт Ерөнхийлөгчийн шадар туслах, ахлах референт, ЗХЖШ-ын даргын зөвлөх, БХЯ-ны
Бодлого төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга зэрэг удирдах албан
тушаал хашиж байсан түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны зарлигаар цэргийн
дээд цол, Бригадын генерал цол олгожээ. Бригадын генерал Ч.Сосорбарам одоо Дэлгэрхаан
сумын нутгийн зөвлөлийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газарт үндэсний аюулгүй
байдал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
Төв аймгийн Баянчандмань сумын харьяат Бригадын генерал Дашдондогийн
Баярсайхан 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Гадаад, дотоодын академи,
стратеги, команд штабын сургуулиудыг төгсөж, Цэргийн нэгтгэл анги салбараас
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын газар, хэлтсийн даргын
албанд үр бүтээл гарган ажиллаж, 2014 оноос НҮБ-ын Олон улсын бүсийн
командлагчаар ажиллаж, Иракийн “эрх чөлөө” ажиллагааны 2 дугаар ээлжийн цэргийн
багийн захирагчаар ажиллаж байх хугацаандаа онцгой гавьяа байгуулсан Генерал
юм. Түүний гавьяа зүтгэлийг төр Засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар цэргийн дээд цол Бригадын генерал цол хүртээжээ.
Бригадын генерал Батчулууны Батбаяр 1963 онд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн. Монголын ардын армийн нэгтгэл
анги, салбар, газар, хэлтсийн
даргын албан тушаалыг хашиж байсан ОХУ-ын Москва хотын К.Г.Жуковын нэрэмжит агаарын
цэргийн инженерийн академийг робот техник, зэвсэглэлийн инженер мэргэжлээр
төгсөж, агаарын цэргийн командлалын штабын даргаар ажиллаж байсан.
Монгол Улсын агаарын цэргийн анги салбарт оруулсан хувь нэмэр, өөрчлөн
шинэчилсэн зүйл их түүний гавьяа зүтгэлийг төр Засаг
өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол Бригадын генерал
цол хүртээжээ.
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Бригадын генерал Жавзмаагийн Болдбаатар Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн командын офицер, явган
цэргийн байлдааны машины ашиглалтын инженер
мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
Батлан хамгаалахын их сургуулийн докторантурыг тус тус төгсөж, Зэвсэгт хүчнйи
196,150 дугаар ангиудад Салаа салбарын захирагч, Зэвсэгт хүчний 032 дугаар Цэрэг
цагдаагийн тусгай бүлэгт зохицуулагч офицер, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэрэг
иргэний хамгаалалтын штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын
даргаар томилогдон батлан хамгаалах бодлого хууль тогтоомжийг өөрчлөн шинэчлэх,
цэрэг эх орон үзэл үйл ажиллагааг сурталчилан таниулах, иргэн цэргийн харилцааг
бэхжүүлэх, үйл хэрэгт чухал ач холбогдол өгөн ажиллаж байгаад 2020 оноос
эхлэн Батлан хамгаалах яамны Ерөнхий
хянан шалгахын газрын даргаар
ажиллаж байна. Түүний хөдөлмөр
зүтгэлийг төр Засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол Бригадын генерал цол хүртээсэн
байна.
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат бригадын генерал Ганболдын Болор
нь Цэргийн сургуулийн анхны зургаан эмэгтэй
сонсогчийн нэг, АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллежийг төгссөн
анхны монгол эмэгтэй офицер, НҮБ-ын энхийг
сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер, НҮБ-ын
Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагааны хүчний штабын
холбооны хэлтсийн даргаар ажилласан анхны эмэгтэй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол Бригадын генерал
цолоор шагнуулсан анхны эмэгтэй генерал болсонд Монголын ард түмэн бахархан
хүлээн аваад байна.
Бригадын генерал Г.Болор нь ЗХЖШ-ын Тооцоолох төвөөс ажлын гараагаа эхэлж, БХИС-ийн Холбооны тэнхимд багш,
Гадаад хэлний сургалтын төвийн дарга, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн
Холбооны албаны дарга, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байв. Өмнөд
судан улсын иргэний дайны үед хүчний штабын удирдлагын холбоог тасалдуулахгүй
түүхэнд анх удаа Нил мөрөн дээрх усан тээврийн холбоог амжилттай зохион
байгуулж халдлагад өртсөн тээврийн усан онгоцуудтай шуурхай холбоонд орж,
байрлалыг тогтоон,
авран гаргах ажиллагааг явуулах үндсийг хангаж олон арван энхийг сахиулагчдын
амь насыг аврахад хувь нэмэрээ оруулсан баатарлаг
гавьяа түүнийх юм. Өөрийн
эзэмшсэн мэргэжилдээ чин үнэнч зүтгэж, үлгэрлэн манлайлж яваа өнөө үеийн
боловсролтой судлаач, сурган хүмүүжүүлэгч, дайчин эмэгтэй Бригадын генерал Ганболдын Болор одоо ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын даргаар ажиллаж байна.