ТӨВ: “Дөл-2023” тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-12 13:41:48

Зуунмод /МОНЦАМЭ/. БНМАУ-ын баатар Дуламдоржийн Самдангийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл-2023” тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд нийт 6 сумын 8 баг тасгийн 100 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгож, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилго бүхий тус тэмцээн аймгийн хэмжээнд 12 дахь жилдээ Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна.


Энэ жилийн тэмцээнд тасгийн гүйцэтгэх ажлын нормативууд, урлагийн үзүүлэх тоглолт /мэндчилгээ/, ханын сонин, жагсаалын үзүүлэх тоглолт, 16 тоот чөлөөт дасгалууд, марш гүйлтийн тэмцээн /гранат шидэлт, хөнөөлийн голомтод ажиллах, цэргийн байр зүйн норматив, тактикийн ажиллагаа/ гэсэн цэрэг, спортын төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Анх уг тэмцээнийг 1970-1980 оны үед Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, ард олноо Рапорт хэмээн алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндон санаачлан зохион байгуулж байсан түүхтэй аж.

Төв аймгийн Борнуур сумын харьяат, БНМАУ-ын баатар Д.Самдан нь Мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдаж ирсэн дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж, ангиа байрлал солих бололцоогоор хангасан. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг устган баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн түүхийг энэ өдөр дурсаж байна.

 

相关新闻