ТӨВ: Зохиолч, уншигчдын уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-17 18:41:17

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг үндэсний "Номын баяр-2023" үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр зохиолч уншигчдын уулзалт зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд зохиолч Х.Дуламсүрэн, Б.Баярхүү нар уригдан оролцож, Номын клубүүдийн болон Ерөнхий боловсролын сургуулийн 67 сурагчтай уулзлаа.

Тус уулзалтын талаар Төв аймгийн Нийтийн номын сангийн захирал Б.Зоригтбаатараас тодруулбал,

“Энэхүү уулзалтаар дуртай зохиолчдоосоо асуулт асууж ярилцах боломжийг олгож байгаа бөгөөд хамгийн сайн асуулт асуусан сурагчдад зохиолчид өөрсдийн гарын үсэгтэй 3 номын дээжээс бэлэглэнэ. Ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор иргэд уншигч, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, номыг хүндэтгэн дээдэлж, эрхэмлэн уншдаг болох зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулж байна.


-Тус уулзалтын үр дүн ямар байхаар төлөвлөж байна вэ? Өмнө нь хэд хэдэн удаа зохион байгуулж байсан шүү дээ?

-Шимтэн уншдаг номынх нь зохиолчтой уулзуулснаар хүүхдүүд номд илүү их дурлах, уншигчдын тоо нэмэгдэх хандлагатай байдаг учраас маш үр өгөөжтэй гэж харж байна.

-Зохиолчдоо ямар байдлаар сонгодог вэ?

-Хамгийн эрэлттэй, их уншилттай байгаа номын зохиолчдыг энэ удаад онцолсон.



Зохиолч Х.Дуламсүрэн нь 2005 онд “Зүрхэнд унасан нүд” шүлгийн түүвэр, 2010 онд “Сэтгэлийн зүйдэл” номоо хэвлүүлсэн. 2003-2007 онд “Монголын мэдээ”,”Тэргүүн” зэрэг сонинд сурвалжлагчаар ажилласан. 2015 онд “Нүцгэн ирсэн, нүцгэн буцна” шүлгийн түүвэр, 2016 онд “Хүсэл хясал” тууж, “Амьдралын урсгал” романаа тус тус хэвлүүлсэн.


Зохиолч Б.Баярхүү нь “Тэнгэрийн улаач”, “Нулимс дуусаагүй цагт”, “Амьдрал үргэлжилнэ”, “Эр хүн уйлах эрхтэй”, “Өлөн чонын улиан”, “Тамын бослого” “Хэлмэгдсэн омгийнхон” “Дархлагдсан омгийнхон” “Савангийн хөөс” зэрэг олон романыг бичиж уншигчдын хүртээл болгоод байна.  


相关新闻