Архангай аймаг оюунлаг иргэндээ тулгуурлан хөгжинө
МОНГОЛЫН МЭДЭЭЦуврал-3
Аяллын хоёр дахь өдөр биднийг Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн нар Нутгийн удирдлагын ордонд хүлээн авч, Цэцэрлэг хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудаас танилцуулав.
Аливаа улс орон, аймаг нийслэлийн хөгжил иргэнээсээ эхэлдэг. Сүүлийн 21 жилийн хугацаанд Архангай аймгийн хүн ам тогтмол байсан бол энэ онд 12 хувиар өсчээ. Монгол түмэн 3 сая дахь иргэнээ өлгийдөн авахад хамгийн олон буюу 8 чацуутан Архангай аймагт мэндэлсэн хэмээн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат яриагаа эхлэв.
Тэрбээр, УИХ-аар Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Тухайн үед манай аймаг хамгийн түрүүнд Ногоон хөгжлийн хөтөлбөр боловсруулж, ногоон хөгжлөөр хөгжих 5 аймгийн нэг болсон. Одоо малчид маань хүртэл манай аймаг ногоон хөгжлөөр хөгжиж байгаа гэж хэлдэг болжээ. Ногоон хөгжил гэдэг зөвхөн экологийн асуудал биш. Бүхий л салбараа ногоон хөгжлөөр хөгжүүлэх чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байна” гэлээ.
Архангай аймаг сүүлийн хоёр жилийн хугацаанд мал сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлж байгаа билээ. Мал сүргийн тоо толгой өсч малчдын амьдрал дээшилж байгаа хэдий ч бэлчээрийн менежментээ сайжруулах шаадрлага тулгарсан. Аймаг өнгөрсөн онд 7 суманд бэлчээрийн менежмент хийжээ. Энэ онд үлдсэн сумдынхаа бэлчээрийн менежментийг боловсруулж дуусна.
Аливаа бүтээн байгуулалтын ажлыг хийхэд ихээхэн тэвчээр, зориг шаарддаг. Бид хоёр жилийн өмнө онгоцны буудал байсан газартаа Шинэ Архангай хороолол барихаар төлөвлөж, шав тавьсан. Тухайн үедээ би энэ бүх ажлаа амжилттай дуусгах юмсан, саад бэрхшээл тулгарвал хэрхэн шийднэ дээ гэж түгшиж байлаа. Одоо тус газарт 120 айлын хороолол сүндэрлэн боссон хэмээн Ч.Мөнхбат дарга ярив.
Тэрбээр, Монгол Улсад анх удаа 320 хүүхдийн спортын гүнзгийрүүлсэн сургалттай, 100 хүүхдийн дотуур байртай сургууль байгуулсан. Тус сургуулийн сургалт тун амжилттай явж байгаа. Өмнө нь анх удаа сургууль, цэцэрлэгийн цогцолборыг Архангай аймагт байгуулж, туршилт хийсэн. Уг туршилт амжилттай хэрэгжсэн тул спортын гүнзгийрүүлсэн сургуулийг манай аймагт байгуулсан" гэлээ.
Архангай аймагт 1992-2013 оны хооронд ердөө 36 айлын орон сууц ашиглалтад орсон бол сүүлийн хоёр жилийн хугацаанд 1056 айлын орон сууц барьжээ. Орон сууцны үнэ харьцангуй хямд бөгөөд нэг м2 нь 1 сая 100 мянгаас 1 сая 300 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.
Чингис бондын хөрөнгөөр “Гудамж” төслийг амжилттай хэрэгжүүлж, 8.7 км хатуу хучилттай автозам, 2.6 км унадаг дугуйн зам барьжээ. Одоогоор Цэцэрлэг хотод 26 мянган хүн аж төрж байгаа бол ирээдүйд 50 мянган хүн амтай байхаар төлөвлөж, дэд бүтцээ хөгжүүлж байгаа аж.
Архангай аймаг боловсролын түвшин улсын хэмжээнд 17 дугаар байрт жагсдаг байсан бол хоёр жилийн дотор 8 дугаар байр хүртэл дэвшсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан хүүхэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байгаагүй бол энэ жил Архангай аймгийн 3 хүүхэд математик, монгол хэл, нийгмийн ухааны хичээл дээр 800 оноо авчээ.
Боловсролын салбараа хөгжүүлэх зорилгоор “Математик” хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа аж. Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ математикийн багш мэргэжилтэй тул тус хөтөлбөрт ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа тухай Ч.Мөнхбат дарга мэдээлэлдээ дурьдав.
Тэрбээр, “Архангай аймаг оюунлаг иргэндээ тулгуурлан хөгжих ёстой гэж Засаг дарга удирдлага болгон ажилладаг. Өнгөрсөн жил Засаг дарга бүтэн өнчин хүүхдүүдийг их, дээд сургууль, коллежид суралцах хугацаанд амьдралын зардлыг аймгийн төсвөөс дааж байх захирамж гаргасан. Бид ямар нэгэн шаардлага тавихгүйгээр амьдралын зардлыг нь өгч байгаа. Өнгөрсөн онд 12 хүүхдийн амьдралын зардлыг аймгийн төсвөөс гаргасан.
Мөн сумын удирдлагуудыг ч бүтэн өнчин хүүхдүүдэд анхаарал хандуулж ажиллах чиглэлээр зөвлөмж өгсөн. Нэг суманд ойролцоогоор 20 орчим хүүхэд бий. Тэдэнд улиралд 50 мянган төгрөг, сард 30 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан. Энэ бол ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт юм. Би аливаа хуралд цуглаанд орохдоо хэлэх үгээ төдийлөн бэлдээд байдаггүй. Харин бүтэн өнчин хүүхдүүдтэй уулзахдаа үгээ маш сайн цэнэж бэлддэг. Тэдний сэтгэл нь эмзэг байдаг тул буруу үг хэлж болохгүй. Тиймээс хэлэх үгээрээ тэдэнд урам зориг өгөхийг хичээдэг.
Бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хийлээ. Тухайлбал, Цэцэрлэг, сургуулийн цогцолборт бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай анги нээсэн. Хүүхдүүдийг өглөө, оройд автобусаар зөөдөг. Архангай аймгийн ЗДТГ сар бүрийн 09-нд хүүхдүүдээ хүлээн авч, нийгмийн өмнө тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хүүхдийн санал, бодлыг сонсдог” гэлээ.
Архангай аймгийн сургуулийн өмнөх насны бүх хүүхэд цэцэрлэгт бүрэн хамарчээ. ИТХ-ын дарга Ч.Мөнхбат 11 дүгээр цэцэрлэгийн хичээлийн жилийн нээлтэд оролцоод сууж байтал нэгэн гэр бүл ирээд хүүхдээ авч явахыг хүссэн. Учрыг лавлахад “Хуучин цэцэрлэгийнх нь эрхлэгч хүүхдээ буцаагаад аваад ир гээд байна. Бүх хүүхдүүд минь тэр цэцэрлэгт сурч байсан болохоор хүүгээ хуучин цэцэрлэгт нь өгмөөр байна” гэсээр аваад гарсан тухай хуучлав. Ийнхүү Архангай аймагт хүүхдүүд нь цэцэрлэгээ биш цэцэрлэгүүд нь хүүхдээ булаацалддаг болсон тухай аймгийн удирдлагууд ярьж байв.
Тэд цэцэрлэгийн асуудлаа маш энгийнээр шийдсэн. Анх цэцэрлэгийн зориулалтаар баригдаад хувьд шилжсэн барилгуудыг худалдан авч, дахин цэцэрлэг болгон ашигласан. Мөн Цэцэрлэг хотод орон сууц барих хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгохдоо “Барилга барих газрыг нь үнэгүй өгнө. Харин нэг давхарыг нь цэцэрлэг болго. Цэцэрлэгийн зориулалтаар барьсан нэг давхарыг чинь бид м2-ынх нь үнээр худалдаж авья” гэсэн санал тавьдаг. 150 ортой цэцэрлэг барихад 1 тэрбум 400 сая төгрөг шаардлагатай. Харин орон сууцны нэг давхрыг худалдаж авахад ойролцоогоор 700 сая төгрөг болдог. Энэ нь нийгмийн асуудлаа шийдвэрлэхээс гадна баялаг бүтээгчдээ дэмжих том боломж гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байв.
Түүнчлэн Архангай аймаг Үндэсний аюулгүй байдлын хорооны зөвлөмж, Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийн дагуу гадаад харилцаагаа өргөжүүлж байгаа тухай Б.Лхагвасүрэн дарга танилцуулсан. Одоогоор ӨМӨЗО-ны Гадаад хэрэг эрхлэх газартай ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон бол БНХАУ-ын Юнь Ань мужтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн Эрээн хотын даргатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Цэцэрлэг хотод 120 хүүхдийн цэцэрлэг барих болсон. Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тус аймагт зочилж, төрийн байгууллагын удирдлагуудыг "IT" болон гадаад хэлний чиглэлээр сургахад дэмжлэг үзүүлэхээ амласан" гэв.
Энэ мэт Архангай аймагт бүтээн байгуулалтын их ажил өрнөж байна. Бид Архангай аймгийн Нутгийн удирдлагын ордноор зочилсны дараа тус аймгийн боловсролын газруудтай танилцлаа.
Баруун болон Хангайн бүсийн багшлах боловсон хүчний 80 хувийг бэлтгэдэг Багшийн сургууль
Монгол Улсын Баруун болон Хангайн бүсийн багшлах боловсон хүчний 80 хувийг бэлтгэдэг МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулиар зочлов. Биднийг тус сургуулийн захирал Г.Батсуурь хүлээн авч, уулзсан юм.
1951 онд байгуулагдсан тус сургууль зөвхөн Бага ангийн багш бэлтгэдэг байсан бол эдүгээ монгол хэл, уран зохиол, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтан, математик, мэдээлэл зүй, гадаад хэлний багш гэсэн 8 мэргэжлээр 1100 орчим оюутан сурч байна.
Байгуулагдсан цагаасаа хойш 8000 орчим багш бэлтгэсэн тус сургууль боловсролын салбарт хийж буй бүхий л шинэчлэлийг нутагшуулахаар хичээнгүйлэн ажилладаг талаар Г.Батсуурь захирал хэлж байлаа.
Боловсролын салбарт нэлээдгүй шинэчлэл хийж байна. Зарим сургуулиуд хоорондоо нэгдэж бүтцээ тэлсэн. Ингэснээр өөр өөрийн арга барилаар мэргэжилтэн бэлтгэдэг байсан сургуулиудын сургалтын хөтөлбөр нэг стандарттай боллоо. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг сургууль МУБИС-д нэгдсэн хэмээв.
Түүнчлэн, “Манай сургууль жил бүр төгсөгчдийн ажлын байрны судалгаа хийдэг. Өнгөрсөн онд нийт төгсөгчдийн 86 хувь нь ажлын байртай болсноос 80 орчим хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Түрүү жил сургууль дэргэдээ 100 хүүхдийн цэцэрлэг байгуулсан бол энэ онд Өдөр өнжүүлэх төв болон Ерөнхий боловсролын сургалтын хоцрогдол арилгах сургалтын төв нээсэн. Цаашдаа сургалтын төвийг өргөжүүлж, Ерөнхий боловсролын сургууль болгохоор төлөвлөжээ.
Багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 45 айлын орон сууц барьсан. Орон сууцанд орох хүсэлтэй багш нараа ипотекийн зээлд хамрах бүх боломжийг бүрдүүлж өгсөн. Өмнө нь хоёр давхар байсан дотуур байраа өргөтгөж 3 давхар болголоо. Одоо сургуулийнхаа гадна талбайд спортын талбай байгуулахаар ажиллаж байна. Улсын төсөв хүндрэлтэй байгаа тул дээр дурьдсан бүтээн байгуулалтын ажлыг өөрсдийн хүчээр хийж байна хэмээн Г.Батсуурь захирал ярьлаа.
Тэрбээр, Манай сургуулийн номын санд 22 мянган ном бий. Өнгөрсөн онд номын сангаа өргөтгөж, чөлөөт сонголттой болгосон. Таван номын санчтай тул амралтын өдрүүдэд ч ажилладаг.
Сургууль 350 ортой дотуур байртай бөгөөд энэ нь нийт оюутнуудын 40 хувьд л хүрэлцдэг. Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр 504 ортой дотуур байр бариулахаар төлөвлөж зураг төсөл, газрын шинжилгээ зэргийг нь хийсэн ч өнөөг хүртэл санхүүжилт нь орж ирээгүй байгаа аж. Дотуур байр барихад 8.4 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд эдийн засгийн хүндрэлээс үүдэн улсын төсвөөс мөнгө олгохгүй байгаа тухай сургуулийн удирдлагууд дуулгав.Сургуулийн хашаанд 1933 онд баригдсан дүнзэн байшин байх аж. Энэхүү байшинд Архангай аймгийн анхны ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2008 онд акталж, нураахаар төлөвлөж байсныг цуцлан, орон нутгийн соёлын өвд бүртгэжээ.
2008 онд тус барилгыг нураах гэж байхад нь Архангай аймгийн иргэд эсэргүүцэж, МОНЦАМЭ агентлагт хандсан. Манай агентлаг тус барилгыг соёлын өвд хадгалж үлдэх тухай мэдээ, мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэснээр түүхэн барилга хадгалагдан үлдсэн хэмээн МОНЦАМЭ агентлагийн Архангай аймаг дахь сурвалжлагч Л.Булган ярив.
Хүүхэд бүр сайн математикч, химич болох албагүй, зөв Монгол хүүхэд төлөвшүүлнэ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын лаборатори “Хүмүүн” нэгдүгээр сургуулийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөртэй танилцлаа.
Тус сургууль 1923 онд байгуулагдсан, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны сургуулиудын нэг. Одоогоор 1630 сурагчтай, 75 багш, 34 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг, Үндэсний түгээн дэлгэрүүлэгч лаборатори 40-н сургуулийн нэг.
2014-215 оны хичээлийн жилд БСШУЯ-наас боловсруулсан сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг бага ангиуддаа туршилтаар нэтврүүлсэн бол энэ жилээс дунд ангиудынхаа сургалтын хөтөлбөрийг шинэчилж эхэлсэн байна. Энэ жил БСШУЯ-ны ажлын хэсэг ирж, тус сургуулийн багш нарт суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн талаар сургалт зохион байгуулжээ.
Сургалтын хөтөлбөрийг өөрчилнө гэдэг бол багш нарыг шинэчилнэ гэсэн үг. Багш нар шинэчлэгдэхгүй бол хэзээ ч хөтөлбөр шинэчлэгдэхгүй. Тиймээс манай сургуулийн багш нар бие биенийхээ хичээлд сууж, дараа өөрсдийн саналаа хэлж, хэлэлцүүлэг өрнүүлдэг болсон. Ингэснээр багш нарын багаар ажиллах чадвар дээшилж байна хэмээн сургуулийн удирдлагууд танилцуулав.
Мөн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Нийт хүүхдүүд” гэсэн зорилтоос “Хүүхэд нэг бүрийн хөгжил” зорилтод шилжин сурах арга барилтай, хүний эрхэм чанарыг эзэмшсэн, эрүүл, чийрэг хүүхдүүдийг төлөвшүүлэхээр ажиллаж байгаа тухай сургуулийн захирал Я.Мөнх-Өлзий ярьлаа. Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй Математик хөтөлбөрийг ч амжилттай хэрэгжүүлж байна. Математик хөтөлбөр бол зөвхөн сурагчид чиглэсэн бус багшийг ч хөгжүүлэх зорилготой. Хөтөлбөрийн үр дүн одооноос гарч эхэлж байна. Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүнгээр манай аймаг 17 дугаар байрнаас 8 дугаар байр хүртэл дээшилсэн. Мөн Улсын математикийн олимпиадад 15 дугаар байрт байснаас 6 дугаар байр хүртэл дээшилсэн ахиц гарч байгаа” гэлээ.
Түүнчлэн, “Олимпиадад оролцох хүсэлтэй хүүхдүүдийг багш нарынх нь хамт зуны амралтын хугацаанд амралтын газар байрлуулж, Улаанбаатар хотоос чадварлаг багш нар урьж хичээл заалгадаг нэг хэсэг МУБИС-д элсэн орж буй хүүхдүүд их сул байсан. Одоо энэ бүхнээ даван туулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэж байна. Багшлах боловсон хүчин чадварлаг болоод эхлэхээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чадвар ч өсч байгаа.
Энэ жил БСШУЯ-нд хүсэлт гаргаж Математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулах эрх авсан. Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг 8 дугаар ангиас эхлүүлэхээр болж, жилийн 300 мянган төгрөгийн төлбөртэй сургаж байна. Энэ ангид элсэх хүүхдийг олимпиадад амжилттай оролцсон болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдийн төлбөрийг хөнгөлөх бодлого баримтлан ажиллаж байна” гэлээ.
Сүүлийн жилүүдэд сургалтын хөтөлбөрийг хэд хэд өөрчилсөн талаар Я.Мөнх-Өлзийн захирал яриандаа дурьдаад хэдхэн жилийн өмнө Кембрижийн боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэхээр туршсан. Кембрижийн боловсролоос илүү өмнөх жилээс хэрэгжүүлж буй сургалтын шинэчилсэн хөтөлбөр Монголын хөрсөнд илүү бууж байгаа тухай онцлов.
Тэрбээр, Бид сайн математикч, химич бэлтгэхээс илүүтэй зөв Монгол хүүхэд төлөвшүүлэхэд анхаарах ёстой. Шинэчилсэн сургалтын хөтөлбөр ч үүнд чиглэж, хүүхдүүдийг цэцэрлэгээс нь эхэлж, үе шаттай хөгжүүлэхээр заасан” гэлээ.
Эдний сургуулийн өнөөгийн бахархал бол 12-ын "Д" ангийн сурагч Э.Оч-Эрдэнэ. Тэрбээр нисэх загварын дугуйланд 5 жил сурч байгаа бөгөөд энэ жил Нисэх загварын спортын ДАШТ-нд амжилттай оролцжээ.
Э.Оч-Эрдэнэ хүү, Энэхүү спортоор хичээллэснээр зохион бүтээх чадвар өсдөг. Би аймгийн нисэх загварын спортын гурван удаагийн аварга болж байсан. Энэ спортоор хичээллэгчдэд насны хязгаар гэж байдаггүй. Энэ жилийн нисэх загварын спортын ДАШТ-д 63 тамирчин өрсөлдсөнөөс 29 дүгээр байрт орсон. Өөрийн бүтээлээ гарын доорх материалаар хийж болдог. Гэхдээ хариуцлагатай тэмцээнд оролцож байгаа тул ДАШТ-нд хөөргөсөн нисэх загвараа 3 сарын хугацаанд хийсэн хэмээн хуучлав
3000 инженер бэлтгэх хөтөлбөрт хамрах боловсон хүчнийг бэлтгэнэ
Нэгдүгээр сургуультай танилцсаны дараа бид энэ жилээс ШУТИС-ийн харъяа Шинжлэх ухаан технологийн “Эрдэм” ахлах сургууль үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль энэ хичээлийн жилээс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор 30 орчим сурагчтай.
Анх 10 хүүхэдтэй сургалтаа эхэлж байсан бол эдүгээ орон нутгаас шилжин ирж, хүүхдийн тоо эрс өсч байгаа аж. Сургалтын төлбөр жилийн 1 сая 500 мянган төгрөг бөгөөд олимпиад, улсын чанартай уралдаан тэмцээнд хүүхдүүдээ амжилттай оролцуулдаг туршлагатай багш нар хичээл заадаг.
Тус сургууль нь электрон сургууль болох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд сурагчийн эцэг, эх сургуулийн цахим хуудсаар хүүхдийнхээ дүнг хянах боломжтой болгохоор төлөвлөжээ. Улаанбаатар хотноо ШУТИС-ийн дэргэд Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль гэж байдаг бөгөөд Архангай аймаг дахь салбар нь орон нутагт байгуулж буй анхны салбар болж байгаа юм.
Уг сургуулийг амжилттай төгссөн сурагч ШУТИС-д хүссэн мэргэжлээрээ шууд элсэн суралцах боломжтой. Сургалтын гол бодлого ШУТИС-аас хэрэгжүүлж буй 3000 инженер бэлтгэх “1+99” хөтөлбөрт хамрах боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэж байгаа аж.
“Математик” хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн захирал Д.Ганболд Архангай аймгийн нийт сургуулиудын 6-12 ангиудын дунд “Сондгой сарын уралдаан”-ыг зохион байгуулдаг аж. Тус уралдааныг зохион байгуулснаар сурагчдын математик сэтгэлгээ хөгжиж, сургалтын чанарт ахиц гарч буйг Д.Ганболд захирал онцлов.
Шалгалтын сэдвийг гаргасны дараа сургуулиудын удирдлага, багш нар солигдож, шалгалтын явцад хяналт тавьдаг. Муу үнэлгээ авсан сургуулийн багш, удирдлагад хариуцлага тооцох, сургалтын чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авдаг бол сайн үнэлгээ үзүүлсэн сургуулиудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилж трушлагыг нь бусдад нь түгээн дэлгэрүүлэх ажил хийдэг.
Шахмал түлшийг Цэцэрлэг хотод нутагшуулна
Цэцэрлэг хотын төвд байрлах Эрдэнэбулган сумын ЗДТГ-аар зочлов. Биднийг тус сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Э.Оюунчимэг хүлээн авав.
Эрдэнэбулган сум аймгийнхаа төвд байрладаг тул ИТХ-ын даргын танилцуулгад эдний хотын үйл ажиллагаа бүрэн эхээрээ гарсан тул дахин давтахгүйн тулд гол яригдаагүй зүйлийг оруулахыг хичээв.
Эрдэнэбулган сум “Иргэдийн онооны карт” гаргасан бөгөөд иргэд тус картаар болосвролын үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагааны чанар, үр дүнд үнэлгээ өгөх аж. “Иргэдийн онооны карт”-ыг 10 дугаар сард багтаан нэвтрүүлнэ.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ЕБС-иуд “Үдийн цай хөтөлбөр”-ийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниуд дунд сонгон шалгаруулалт явуулдаг. Ингэснээр Цэцэрлэг хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар нэмэгдэхийн сацуу сургуулиудад нийлүүлж буй бүтээгдэхүүний чанар сайжирч байгаа тухай Э.Оюунчимэг дарга танилцуулав.
Тэрбээр, Сум орон нутгийн хөгжил иргэнээс эхэлнэ. Иргэдийн өмнө хамгийн тулгамдсан асуудал бол газрын асуудал. Тиймээс газар олгох эрхийг Багийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэдэг болсон. Ингэснээр гэр бүлийн хэрэгцээний газар олголт ихээхэн хүнд суртал, авлигал дагуулдаг гэсэн хардлагыг бүрэн зогсоож чадсан. Энэ нь бусад аймаг сумдад үлгэр жишээ болохуйц ажил болсон. Цэцэрлэг хотын нийт иргэдийн 16 хувь нь орон сууцанд амьдардаг бол үлдсэн нь гэр хороололд аж төрдөг. Хот дөрвөн уулын дунд байрладаг төдийгүй гэр хороолол ихтэй тул өвөлдөө агаарын бохирдол нүүрлэдэг.
Хотын удирдлагууд гэр хорооллыг багасгаж, орон сууцны хорооллоо хөгжүүлэх, гэр хороолол дунд ногоон байгууламж байгуулах чиглэлээр хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байна. Үүний нэг нь Улаанбаатар хотод хэрэглээнд нэвтрүүлээд буй утаагүй зуухыг Архангай аймагт нутагшуулах боломжийг судалж байна.
Цэвэр агаар төслийг Архангай аймагт хэрэгжүүлж, утаагүй зуух хямдаар нийлүүлэхийг хүсэв
Ийнхүү бид шахуу хөтөлбөртэй явсан тул Эрдэнэбулган суманд удаан сааталгүйгээр Ус сувгийн “Ундарга” компанийг зорив.
Тус хотын 20 мянган хүн амыг ундны цэвэр ус, дулаанаар хангах ажлыг Ус сувгийн “Ундарга” компани гүйцэтгэдэг. Компани 2001 онд байгуулагдсан, одоогоор 72 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. 22 км бохир усны, 26 км цэвэр усны шугам, 18 ус түгээх байрын хариуцан ажилладаг. Өвөлжилтийн бэлтгэл ажил 83 хувьтай, Өвөрхангайн Баянтээгээс нүүрс татан авалтаа хийчихвэл бүрэн дуусна хэмээн компанийн захирал Б.Болорчимэг танилцууллаа.
Мөн 2006 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй цэвэр, бохир усны шугамын 60 хувийг шинэчилжээ. Мөн Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй гэр хорооллыг цэвэр, бохир усаар хангах төслийг өөрийн аймагтаа нутагшуулж 500 гаруй айлыг төвийн дулаан хангамжид холбосон тухай дуулгав.
Одоогоос 3 жилийн өмнө Архангай аймгийн гүнийн худаг руу мөнгөн ус асгасан тохиолдол гарсан. Үүнээс хойш гүний худгуудаа камержуулж, 24 цагийн хяналтын тогтолцоог нэвтрүүллээ.Аймагт ДЭМБ-ын Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд байна. Төлөвлөгөөний дагуу хэрэглэгчдэд хүрч буй усны эрүүл аюулгүй байдлыг хангахаас гадна гэр хорооллын иргэдийн усны савыг олон улсын стандартад нийцүүлэх зөвлөмж, зөвлөгөө хүргүүлж байгаа.
Дэлхийн зөн олон улсын байгууллагад хүсэлт гаргаж, Бохир усны шинжилгээний лаборатори байгуулахаар боллоо. Аймаг 100 жилийн усны нөөцтэй, цэвэр усны нөөцөөрөө улсдаа тэргүүлдэг.
2011 оноос Цэцэрлэг хотын цэвэр усны хлоржуулалт алдагдсан бөгөөд энэ оноос эхлэн дахин хлоржуулах ажлыг эхлүүлжээ. Аймаг цэвэр усны нэг эх үүсвэртэй, эх үүсвэр нь хэзээ ч тасалдаж магадгүй тул энэ онд Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ санаачилга гарган хоёр дахь эх үүсвэрийг нээсэн. Одоо энэхүү эх үүсвэрээ төвийн дулаан, эрчим хүчний шугамтай холбохоор ажиллаж байна.
Цэцэрлэг хотод бүтээн байгуулалт өрнөж, шинээр ашиглалтад орж буй барилгын тоо нэмэгдэх тусам Цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болж байна хэмээн Б.Болорчимэг дарга ярив.
Тэрбээр, Манай ажилчид өөрсдөө элс зөөж Цэвэрлэх байгууламжаа өргөтгөх ажлыг хийж байгаа ч үнэхээр ачааллаа дийлэхгүй байна. Цэвэрлэх байгууламжийн бохирыг 15 жилийн турш Тамирын гол руу цутгадаг байсныг “Энэ бол иргэдийнхээ эсрэг хийж байгаа том гэмт хэрэг” гэж үзэн болиулж, хлоржуулалт хийж, талбайд цацаж байгаа.
Манай аймаг Концессын гэрээгээр 8 тэрбум төгрөгийн өртгөөр шинэ цэвэрлэх байгууламж байгуулах боломж бий. Гэхдээ улсын эдийн засаг хүндрэлтэй тул төрөөс энэхүү ажлыг хийх тендер зарлаж чадахгүй байна. Тийм учраас компанийнхаа шугамаар БНСУ-ын Глобал Файратекс компаниас тусламж хүссэн. Тус компани бидэнд энэ чиглэлээр туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тун удахгүй Глобал Файратекс компаний удирдлагуудтай уулзахаар төлөвлөж байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламж бохирыг 35 хувиар цэвэршүүлдэг. Харин шинээр байгуулахаар төлөвлөж буй цэвэрлэх байгууламж бохир усыг 98 хувь хүртэл цэвэршүүлнэ. Үүгээр мал услах, ногоон байгууламжаа услах боломж бүрдэнэ” гэлээ.
Орчин үеийн хүмүүс хэрэглээнээсээ шалтгаалан маш хор хөнөөлтэй бодис ялгаруулдаг болжээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн жирэмснээс хамгаалах эм ургамлын эсийг үхүүлэх сөрөг нөлөөтэй. Ингэснээр ногоон байгууламжид хүртэл сөргөөр нөлөөлж буй асуудлыг хөндөв.
Архангайн иргэд голдуу хар мод түлшиндээ хэрэглэдэг. Энэ нь утаа багатай ч байгалиа маш ихээр сүйдэлж буйн хэрэг. Тиймээс Архангай аймагт утаагүй зуух нэвтрүүлэх санаачилга гаргасан ч үр дүнд хүрэхгүй байна. Улаанбаатар хотын иргэд утаагүй зуухыг маш хямд үнээр авдаг. Гэтэл агаарын бхирдол өдгөө зөвхөн нийслэлчүүдийн асуудал биш болсон шүү дээ. Бусад аймгийн төвүүдэд ч агаарын бохирдол маш ихээр бий болж байна. Тиймээс Цэвэр агаар төслийг Архангай аймагт хэрэгжүүлэх саналыг холбогдох албаны хүмүүст хүргүүлсэн ч зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжүүлнэ. Орон нутагт хэрэгжүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Биднийг 486 мянган төгрөгөөр утаагүй зуух худалдаж авч ашигла гэсэн. Орон нутгийн иргэд тийм хэмжээний мөнгөөр зуух худалдан авч чадахгүй. Манай компани утаагүй зуухыг тал үнээр нь авах санал тавьсан ч хүлээж аваагүй. Тиймээс МОНЦАМЭ агентлагийн мэдээллээр дамжуулан энэхүү хүсэлтээ төрийн өндөрлөгүүдэд дахин уламжилж байна” гэлээ.
Ийнхүү бидний Архангай аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан аялал энд хүрээд өндөрлөж байна. Тун удахгүй уншигч та бүхэнд Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах түүх, дурсгалын газруудаар аялсан тэмдэглэлээ хүргэх болно.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
注释