Койн, токений 25 арилжааг зогсоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” баталж, өнгөрсөн оны 2 дугаар сард мөрдөж эхэлснээс хойш 66 хуулийн этгээд 66 койн, токен гаргаж 970,1 тэрбум төгрөг анхдагч зах зээлээс татан төвлөрүүлжээ.
Энэхүү 66 койн, токеноос 41 нь 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүдэд арилжаалагдсанаас койн, токений 25 арилжааг зогсоогоод байгааг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба мэдээлэв.
Криптовалютын өндөр нууцлал, аюулгүй байдал нь олон улсын мөнгөн гүйлгээг хялбаршуулж, шимтгэлийг багасгасан хэдий ч дундын зуучлагчгүй хийж буй гүйлгээ нь гэмт этгээдүүдийн бохир мөнгөө шилжүүлэх арга хэрэгсэл болж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал манай улсад хүндэрч байгаагаас гадна гадаадын гэмт бүлэглэл, террорист этгээдүүд улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийг криптовалют ашиглан үйлдэх эрсдэл, аюул занал олон улсын түвшинд тулгамдсан асуудал болсныг “Криптовалют ашиглаж үйлдсэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлгийн үеэр онцолжээ.