Б.Даваадалай: Ногоон хөгжлийг хангахын тулд ногоон санхүүжилтийг бүрдүүлэх нь чухалд тооцогдож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-14 15:01:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайгаас ногоон санхүүжилтын өнөөгийн нөхцөл байдал, дэвшүүлж буй зорилт болон тус чуулганаас хүлээгдэж буй үр дүнгийн талаар тодрууллаа.


-Манай улсын хувьд ногоон хөгжлийг хурдасгахын тулд ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байна гэж ойлгож байна. Өнөөгийн нөхцөлд манай улсын банк, санхүүгийн байгууллагууд хэдий хэмжээний ногоон зээлийг иргэд, хувийн хэвшлийнхэнд олгож байна вэ. Цаашид санхүүжилтийг хэдий хэмжээнд хүргэх бололцоотой вэ гэсэн асуултаар яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө хэлэхэд, ногоон хөгжлийн зорилт бол дэлхийн нийтийг хамарсан томоохон зорилт болоод байна. Сүүлийн жилүүдэд улс орон бүр энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа хэдий ч цар тахал, геополитикийн нөхцөл байдал, инфляцын өсөлтөөс хамаарч ихэнх орны Засгийн газар төсвөөсөө санхүүжилт бүрдүүлэх бололцоо тэр бүр гарч ирэхгүй байна. Иймд энэхүү эгзэгтэй цаг үед ногоон хөгжлийг хангахын тулд ногоон санхүүжилтийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтын хүрээнд 650 тэрбум ам.долларын санхүүжилтийг гаргасан байна. Энэхүү дүнг 2030 он гэхэд 2.4 их наяд ам.долларт хүргэх тооцоолол гарсан байдаг.


Манай улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ харьцангуй бага боловч уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж буй байдлаараа эмзэг орнуудын тоонд орчихоод байна. Тийм учраас үе үеийн Засгийн газар эл асуудал анхаарал хандуулж ирсэн. Гэхдээ одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч томилогдсоноосоо хойш тус асуудалд түлхүү анхаарч, манлайлал үзүүлж ирлээ. Энэ хүрээнд үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг зарлан хэрэгжүүлж байна. Түүний нэг нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр юм. Үүний зэрэгцээ Монгол Улсын хувьд олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалт гэж байна. Хүлэмжийн хийг бууруулах гэх мэт Монгол Улсын хувьд үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрээ хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан. Одоогийн байдлаар энэхүү санхүүжилтийн 10 хүрэхгүй хувь нь боломжит нөхцөлөөр харагдаж буй. Цаашид үлдсэн 90 хувийг хэрхэн бүрдүүлэх гэх томоохон сорилттой бид тулгарч байна. Тиймээс гаднын зах зээлээс хөрөнгө татах асуудал бол цаг хугацааны хувьд яаралтай нөхцөл байдлыг үүсгэж байна. Зөвхөн банк, санхүүгийн салбараар нь авч үзвэл, нийт банкны салбараас олгож буй зээлийн 1 хүрэхгүй хувь буюу 300-400 тэрбум төгрөг нь ногоон зээл юм. Энэ нь өнөөгийн дэвшүүлж буй зорилтыг хангана гэхэд хангалттай биш үзүүлэлт.


Зөвхөн нэг жишээ хэлэхэд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэхээс өмнө ойжуулалтад зориулж төсөвт 2 тэрбум төгрөг тавьдаг байсан. Уг хөдөлгөөнийг эхлүүлсэнээр өнгөрсөн жилээс мөнгөн дүнг нь 12 тэрбум төгрөг болгож төсөвт суулгах болсон. Энэ мэтээр үр дүнтэй ажлууд үргэлжилж байгаа ч цаашид хамгийн анхаарах асуудал бол санхүүжилтээ хэрхэн бүрдүүлэх вэ гэх асуудал болохыг төвөггүй ойлгож болохоор байна. Санхүүгийн салбарынхан өөрсдийн хүрээнд оролцооны үүрэг амлалтыг авсан. Мөн төсөв дээр энэ талын зохицуулалтыг хэрхэн хийж болох вэ гэдэгт анхаарч байгаа болохыг хэллээ. Түүнчлэн ногоон санхүүжилтийг Засгийн газрын бодлоготой хэрхэн уялдуулах вэ гэсэн асуудал яригдаж байгаа. Тухайлбал, халамж. Иргэд зүгээр халамж авдаггүй, мод тарьж ургуулдаг байх нь зөв зүйтэй юм. Өнөөдөр манай иргэд, хувийн хэвшлийнхэн ногоон бизнес эрхэлье гэвэл бизнесийн орчин харьцангуй дутагдалтай байна. Тиймээс Засгийн газар тухайн бизнесийн орчныг бүрдүүлэх тал дээр ихээхэн идэвх санаачилгатай ажиллах ёстой. 


Өөр нэг анхаарах асуудал бол, төр-хувийн хэвшлийнхний түвшинд нэгдсэн зөвшилцөлд хүрч байна уу гэдэг бол маш чухал. Энэ бүхэн бол ганц Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяалах асуудал биш. Энэ бол бүх яамны оролцоотой, үүрэг амлалтаа өгч байж цааш хөдлөх ажил. Өнөөдөр манай улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг авч үзвэл, 70-80 хувь нь хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамааралтай байна. Тиймээс төр засаг болоод хувийн хэвшлийнхний түвшинд эдгээр асуудлыг анхаарлын түвшинд авчирч, шийдвэрт хүрэх нь чухал болоод байна. 


Үүний зэрэгцээ тэр бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн хүч, мэдлэг чадвар, тогтолцоо тал дээр анхаарах хэрэгтэй. Эдгээр асуудлыг бид цаг хугацаатай уралдаж хийхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй. Өнөөдрийн байдлаар, хамгийн ойр бөгөөд туршлагаас нь хэрэгжүүлж болох улс бол "Ногоон хэрэм" төслийг амжилттай хэрэгжүүлсэн Хятад Улс болоод байна. Тус улстай бид энэ тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэрээ дээд түвшний тохиролцоонд хүрсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтарч ажиллахын зэрэгцээ хамтарсан судалгааны төв байгуулахаар тохирсон. Одоогийн байдлаар манай эрдэмтэд БНХАУ-д айлчлаад байна. Энэ сардаа багтаж хятадын эрдэмтэд Монголд ирнэ.

 

-Өнгөрсөн жил “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулсан. Тус чуулганы үр дүнг багцалж хэлэхгүй юу?

-Өнгөрсөн жилийн чуулганаас гарсан нэг үр дүн бол ногоон санхүүжилтын зарчим, аргачлалуудаа баталж авсан явдал болсон. Тухайлбал, ямар үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, төсөл хөтөлбөр, зээлийг ногоон гэх вэ гэдгийг тодорхойлж гаргасан гэсэн үг.  Нөгөө талдаа санхүүгийн салбарынхан 2030 он гэхэд нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон зээл болгох амлалтыг авсан. Гуравдугаарт, энэ чиглэлийн мэдлэг чадавхыг сайжруулах талын санал санаачилгыг эхлүүлж чадсан. Дөрөвдүгээрт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн дээр банк, санхүүгийн салбараас зохих хэмжээний дэмжлэг авахаар тохиролцож, сан байгуулсан. Тус санд жил бүр 2-3 тэрбум төгрөг банкуудаас эх үүсвэр татаж байна. Энэ бол банкуудын хандив гэж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн банкны салбарынхан 86 сая модыг тавьж ургуулах амлалт өгсөн юм. Энэ мэт томоохон үр дүн тус чуулганаас гарсан.


-Энэ удаагийн чуулганаас хүлээгдэж буй үр дүн юу вэ?

-Энэ удаагийн чуулганаас нэг хүлээлэгдэж буй нэг том ажил бол НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан үйл ажиллагааг тодорхойлох аргачлалуудаа батлах явдал юм. Тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн төсөл хөтөлбөр, зээл гэж юу болохыг нэгдсэн стандартаар тодорхойлно. Нөгөө талдаа Хятадын талтай хамтарч ажиллах, тэр дундаа санхүүжилт авах тал дээр ахиц гарах болов уу гэж харж байна. Гуравдугаарт, гаднынханд ногоон хөгжил, ногоон санхүүжилттэй холбоотой Монгол Улсын байр суурь, үйл явц хэрхэн өрнөж буй талаар тодорхой мэдээлэл өгч байгаа явдал юм.

相关新闻