Г.Түвдэндорж: Ногоон эдийн засаг руу шилжиж буй дэлхийн үйл явцтай бид хөл нийлүүлэн алхах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-14 16:34:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй "Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган" Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.

 

-Энэ удаагийн чуулганаар ногоон санхүүжилтийг тойрсон сэдвийг хөндөж ярилцаж байна. Ногоон санхүүжилт тал дээр хамгийн амжилттай яваа жишиг болохуйц ямар улс байна вэ. Тэдний туршлагаас юуг нь манай улс нутагшуулах бололцоотой гэж харж байна вэ?

-Өнөөгийн нөхцөлд Монгол Улс олон улсын байгууллагуудын өмнө авсан үүрэг, амлалтаа хэрхэн биелүүлэх вэ гэсэн асуудал хөндөгдөж байгаа юм. Үүний тулд ихээхэн хэмжээний санхүүжилт шаардагдах нь тодорхой. Ингэхдээ санхүүгийн ямар механизмыг хэрэгжүүлэх вэ  гэсэн асуудлыг ярьж байна. Түүнчлэн энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд 12 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан таамаг тооцоо гарсан. Иймд ногоон санхүүжилтийг бүрдүүлэх хүрээнд төр бодлогоо гаргаж таарна. Мөн олон улсын байгууллага, донор байгууллагуудын дэмжлэгийг авах байдлаар амалсан амлалтаа биелүүлэх учиртай.


Ер нь дэлхий нийтийн хөгжил ногоон хөгжил рүү шилжиж байна. Энэхүү үйл явц сүүлийн 10 жилд маш их хурдассан. НҮБ-ын гишүүн орнууд Парисын гэрээний хүрээнд бүхий л салбартаа ногоон элементийг шингээж, ногоон технологийг нэвтрүүлэх болсон. Энэ нь өөрөө санхүүгийн салбарын хөгжлийг түргэтгэж буй. Дэлхийн улс орнуудаас ногоон санхүүжилтийн хувьд хамгийн жишиг болохуйц орон бол Коста-Рика Улс юм. Тус улс байгаль хамгаалах итгэлцлийн санг байгуулж, олон улсаас хөрөнгө босгох ажлыг 10 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлээд байна. 


-Дэлхийд ногоон зээл олгох хөрөнгө оруулагчид олон, хөрөнгийн хэмжээ ч багагүй байгаа юм байна гэж ойлголоо. Гэхдээ тэрхүү зээлийг аль салбартаа ямар байдлаар шингээх нь зүйтэй юм бол?

-Дэлхийн хөгжингүй улс орнууд байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон хөгжлийг түргэтгэх чиглэлээр хөгжиж буй болоод хөгжил буурай орнуудыг дэмжиж ажиллах сайн дурын нэгдлүүдийг үүсгэж, дэмжлэгүүдийг өргөн хүрээгээр үзүүлж байна. Энэ бүх бололцоог бид цаг алдалгүй ашиглан, хамтран ажиллах ёстой. Үүний тулд сэргээгдэх эрчим хүчний шинэчлэл рүү одооноос шилжих нь зүйтэй юм. Манай улс нүүрсээр баялаг хэдий ч өнөөдөр эрчим хүчний дутагдалтай хэвээр байна. Цаашид бид нүүрс гэхгүйгээр нар салхины баялаг нөөцөө ашиглан, эх үүсвэр татах тал дээр анхаарч ажилламаар байна. Дараагийн нэг асуудал бол эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, ногоон хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж ихээхэн байна гэж харж байна. 



-Өнөөдөр бүхий л салбарын өмнө ногоон гэх тодотгол байгаа эсэхийг анзааралгүй өнгөрөхгүй байх цаг үе ирчихэж. Энэ цаг үеийг наашлуулахад эдийн засаг, санхүүгийн салбарынхны оролцоо өндөр болохыг өнөөдрийн чуулганаар онцолж байна. Манай улс санхүүгийн ямар механизмыг хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй вэ?

-Өнгөрсөн онд зохион байгуулсан чуулганы хүрээнд ногоон замын зураглалыг баталсан. Үүнтэй холбоотой ажлуудыг дэс дараатай хэрэгжүүлэх нь тодорхой. Одоогийн байдлаар санхүүгийн зураглалын системийг боловсруулаад, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Уламжлалт эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжиж буй дэлхийн үйл явцтай бид хөл нийлүүлэн алхах ёстой. Дижитал эдийн засаг гэж өнөөдөр ярьж байгаа ч эцсийн дүндээ эдийн засгийн бүх суурь хөгжил ногоон эдийн засаг болж хувирна. Ногоон эдийн засаг руу шилжихэд нэгдүгээрт сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ёстой. Хоёрдугаарт эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хөтөлбөрийг ярих ёстой. Гуравдугаарт хог хаягдлын дахин боловсруулалтын асуудлыг авч үзэх хэрэгтэй. Үүнтэй уялдуулж ногоон санхүүжилтийн санг байгуулах ажлыг түргэвчлэх шаардлага амьдралаас ургаж байна. Байгаль орчны итгэлцлийн санг байгуулах ажлын хэсгийг би ахлаад ажиллаж байна. Уг санг олон улсын стандартын дагуу байгуулж чадвал ойрын хугацаанд 700 орчим сая ам.долларын санхүүжилтийг босгох бололцоо бүрдэнэ.


Тэрхүү санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, барилгын салбарын технологи, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, ногоон санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх тал дээр ашиглах боломжтой. Энэ тал дээр Эдийн засаг, хөгжлийн яам анхаарлаа хандуулан ажиллаж байна. 




相关新闻