ХЭНТИЙ: Жимстэй ааруул брэндийг үүсгэгч Ш.Алтантуяа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙБиндэр /МОНЦАМЭ/. Хийж
бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж брэнд
бүтээсэн бүсгүйчүүдийн төлөөлөл Ш.Алтантуяаг энэ удаад онцолж байна.
Тэрбээр төрөлх нутаг Хэнтий аймгийн Биндэр сумандаа хань, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг эгэл жирийн эзэгтэй. Ш.Алтантуяа өрхийн үйлдвэрлэл эрхэлж, буянт малынхаа ашиг шимээр 2016 оноос эхлэн ааруул хийж, эрүүл, эко бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэсээр байна. Анх хадам ээж нь ааруул хийж, хот руу бөөндөж худалдахыг харж, хийх санаа төрсөн гэнэ.
"Зуны улиралд хадам ээжийн сүү, цагаан
идээ боловсруулах ажилд тусалдаг. Ааруул хийнэ. Өөрийн хийсэн ааруулыг
боломжийн үнээр борлуулж, мөнгөө хуримтлуулна. Мөнгөөрөө аарц авч, сумын төвд
гэртээ ааруул хийж эхэлсэн. Заримдаа хадгаламж зээлийн хоршооноос зээл авч
цагаан идээгээ авдаг байсан бол энэ хавар сум хөгжүүлэх сангийн зээлд
хамрагдсан” гэв.
Түүний хувьд хуримтлал үүсгэсэн сая орчим төгрөгөөр долоон шуудай аарц худалдан авч ажлаа эхлүүлжээ. Анх зоосон ааруул хийж сурсан тэрбээр өдгөө чихэргүй ааруул, үрлэн ааруул, чипсэн ааруул, жимстэй ааруул, хэвийн ааруул, өвөл болохоор идээний ааруул хийдэг болж нэр төрлөө баяжуулжээ. Ажил хийх тусам аргыг нь олно гэгчээр амт чанарын хувьд сайжрахын зэрэгцээ орц найрлага, өнгө, үзэмж, хэлбэр хэмжээнд нь хүртэл анхаарал хандуулдаг болсон байна.
Хэвийн ааруул хийхэд чимхлүүр ажиллагаа ихтэйгээс гадна, цаг хугацаа их орно. Аарцаа амталж, сахар хайлж хэвэнд ортол нь 20-30 минут баздаг. Түүний дараа өнгөнд оруулахын тулд жимсээ хийж сайтар хольсноор үргэлжилдэг байна. Үндсэн зургаан төрлийн ааруул хийхээс гадна Цагаан сараар тавгийн болон бурхны идээ, гурван давхар еэвэн ааруул хийж худалдаанд гаргана. Худалдан авагчдын амжиргааны түвшинд тохируулж үнэлгээгээ тогтоохоос гадна ижил төстэй ааруулын үнийг судалж, одоогоор нэг кг хэвийн цагаан ааруулаа 18 мянган төгрөгөөр, жимстэй хэвтэй ааруулаа 30 мянган төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна. Хоногт таван кг, сард 90-100 кг ааруул гаргаж авдаг бөгөөд хатаахдаа уламжлалт арга болох нараар хатаадаг тул бороо хур ихтэй үед ааруул үйлдвэрлэх хэмжээ нь багасдаг гэлээ.
Мал аж ахуйн орон гэгддэг
Монгол улс 70 орчим сая толгой малтай. Тиймээс түүхий эдийн асуудал
тулгардаггүй. Харин жилийн хугацаанд элсэн чихрийн үнэд хэд хэдэн удаа өөрчлөлт
орж нэмэгдсэн байна. “Элсэн чихрийн үнэ их хэмжээгээр нэмэгдэхээр авч чадахгүй
тохиолдол гарна. Үндсэн бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт гарахаар гүйлгээ эрс
мууддаг. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс аль болох амт чанар сайтай
хийхийн тулд өөрт байгаа бүхий л нөхцөл боломжийг ашиглаж хийдэг. Тэр хэрээр
цаг хугацаанаас гадна оюун бодлоо дайчилж, яаж хийвэл хүмүүс сонирхох бол гэж
үргэлж бодно” гэдгийг хэллээ.
Ааруул хийхэд ажиллагаа
ихтэй. Олон цагаар шөнөжин сууна. Жимстэй ааруул гэхэд гар ажиллагаагаар бүтдэг
учир цагт нэг кг орчмыг хийдэг байна. Өрхийн болон үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаа өнөө үед эрүүл, эко
бүтээгдэхүүн худалдан авч, хэрэглэх хүмүүс олширсон ч сайны хажуугаар саар
гэгчээр Ш.Алтантуяагийн хийсэн ааруулын зургийг ашиглаж, ашиг олох гэсэн хүмүүс
байдаг байна.
Харсан хүн бүхний арааны
шүлсийг гоожуулж, амтлах мэдрэмжийг төрүүлэхүйц ааруул хийгээд зургаан жилийг
ардаа орхисон бүсгүй хэрэглэгчдийнхээ магтаал болон шүүмжлэлийн үгсийг хүлээн авч, ажил хэрэгч байдлаар ханддаг байна.
Өнгөтэй хэвийн ааруулыг
түлхүү сонирхдог хэсэг байхад цагаан ааруул идэх хүсэлтэй хүмүүс ч байдаг гэнэ.
Ажил хийж байгаа учир хэрэглэгчдийн хүсэл, сонирхолд нийцүүлэхийг илүүд үздэг
байна.
Ш.Алтантуяа амт чанар, хэлбэр дүрс, өнгө үзэмжид анхаарал хандуулж, хүн бүхний идэхийг хүсдэг төрөл бүрийн ааруулыг хийж, Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист худалдан борлуулах туйлын хүсэл тээж, зорилго өвөртөлж явна.