Спорт, явган аялалын тэмцээнд Налайхын баг тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриан дор иргэдийн дунд спорт явган аялалын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн аваргаа тодрууллаа.
Энэхүү наадам нь хотын иргэдийг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилготой.
Аялалын анхан шатны тэмцээнд 9 дүүргээс 72 хорооны 864 иргэн хамарснаас шигшээ тэмцээнд 8 дүүргийн 110 иргэн оролцож хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөв.
Тэмцээнийг “Байгальд нуувч илрүүлэх”, “Газрын зураг дээр зай, чиглэл тодорхойлох”, “Уулын оргил булаалдах”, “Техник, тактикийн тэмцээн”, “Багийн болон хувийн бэлтгэл”, “Эмийн сан”, “Цугларалт, ирц”, “Аялах явц”, “Байгаль болон отгийн ариун цэвэр” гэсэн төрлөөр явуулсан юм.
Нэгдүгээр байранд Н.Батбилэг ахлагчтай Налайх дүүргийн “Жавхаа” баг 77 оноогоор, хоёрдугаар байранд Н.Мандалмаа ахлагчтай Чингэлтэй дүүргийн 19-р хорооны “Согоот” баг 71 оноогоор, гуравдугаар байранд Д.Гэрэлцогт ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хорооны “Хийморь” баг 67.5 оноогоор тус тус шалгарчээ.
Ж.Болор