Еast Аsia Forum: Сибирийн хийг ашиглах Монголын боломж

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-28 14:30:15

КАНБЕРРА. /eastasiaforum/. ОХУ, Хятад “Сибирийн хүч 2” (СХ2) хий дамжуулах хоолойн төслийн тодорхой нөхцөлийг харилцан тохиролцсон тохиолдолд уг хоолой нь Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдлын динамикийг өөрчлөх боломжтой. Жилд 50 орчим тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай гэж урьдчилан таамаглаж байгаа энэ хоолойг тавьснаар Хятад, Ази тивд нийлүүлэх байгалийн хий нэмэгдэнэ.


Байгалийн хийн энэхүү шинэ эх үүсвэр нь тус бүс нутгийн улс орнуудад эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, нүүрснээс шилжих үйл явцыг илүү түргэтгэх боломжийг олгоно. Уг хоолойн бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ нь бүс нутгийн хэмжээнд олон мянган шинэ ажлын байр бий болгож, олон тэрбум ам.долларын орлого оруулна.


Хямд үнээр тогтвортой нийлүүлэх энэхүү шинэ эх үүсвэрээс Хятад улс  хожих нь тодорхой байгаа бол Монгол Улс ч мөн нийгэм, эдийн засаг, стратегийн үр өгөөжийг нь хүртэнэ. Зарим ажиглагч Улаанбаатарыг Орос, Хятадтай үзэл суртал, стратегийн үндэслэлээр хамтран ажиллахгүй байхыг анхааруулжээ. Гэхдээ Монгол Улс уг төсөлд завсрын орны хувиар  гүйцэтгэх үүргээсээ алдахаас илүү ашиг хүртэхийг өртөг- үр өгөөжийн дүн шинжилгээ харуулж байна. 


Эдийн засгийн хувьд,  "СХ2" хоолой нь 1 тэрбум хүртэлх ам.долларын транзит тээврийн хураамжийг Монгол Улсын төсөвт оруулж, ажлын байр бий болгож, эдийн засгаа төрөлжүүлэхэд тус дөхөм болохын дээр нүүрснээс татгалзах эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлнэ. Энэ бүх дэвшил нь Монгол Улсын тогтвортой өсөлтөд зайлшгүй шаардлагатай нөхцөл юм.


Монгол бол нэг хүнд ногдох дундаж орлого 4500 гаруй ам.доллар, ажилгүйдлийн түвшин 12 гаруй хувьтай, уул уурхайн салбараас хэт хамааралтай хөгжиж буй эдийн засагтай орон юм. Тиймээс ийм гэнэтийн эдийн засгийн ашиг нь Монгол Улсын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлнэ.


Эрчим хүчний хувьд,  Монгол Улс "СХ2" хоолойг нутаг дэвсгэрээрээ дайруулан тавьснаар  нүүрснээс татгалзах үйл явцыг түргэсгэх боломжтой болно. Монгол Улс эрчим хүчний хангамжийн 85 хувьд нь нүүрс ашигладаг бөгөөд ЗХУ-ын үеийн нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудад түшиглэн гол хотууддаа эрчим хүчээр хангадаг.


Эдгээр хуучирсан нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд нь өвлийн улиралд агаарын бохирдлыг ихээр үүсгэж, хотын оршин суугчдын амьдралын чанарт шууд нөлөөлж, улмаар хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр ихээр өвчилдөг. Монгол Улсын нар, салхины эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай ч байгалийн хий нь нүүрсний хэрэглээг багасгах богино болон дунд хугацааны арга хэрэгсэл болж өгнө. Мөн сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлтийн тасалдлыг нөхөх урт хугацааны арга хэрэгсэл ч болно.


Байгаль орчны хувьд,  “СХ2” хоолой нь Монгол Улсын нийт хүлэмжийн ялгарлыг багасгахад эерэг нөлөө үзүүлнэ. Нэг малтмал түлшийг нөгөөгөөр солих тус улсын шийдвэрийг байгаль орчны байгууллагууд шүүмжилж байгаа ч ийм шүүмжлэл буруу юм. Байгалийн хий нь шатах үед нүүрстэй харьцуулахад  хоёр дахин бага нүүрсхүчлийн давхар исэл  ялгаруулдаг бөгөөд хүхрийн давхар исэл, нарийн ширхэгтэй тоосонцор зэрэг агаар  бохирдуулагч хортой бодис хамаагүй бага ялгаруулдаг.

 

Азийн олон орон малтмал түлшнээс татгалзах нь нүүрснээс илүү цэвэр эх үүсвэрт шилжихэд суурилсан үе шаттай үйл явц гэж үздэгтэй адил Монгол Улсын Засгийн газар нь урт хугацааныхаас илүү богино хугацааны шийдлүүдэд илүү ач холбогдол өгч байна. Энэ утгаараа, Улаанбаатар нь "төгс  нь сайнд  нь саад тотгор учруулах" байдлаас зайлсхийсэн нь зүй ёсны хэрэг.


Эдийн засаг, эрчим хүч, байгаль орчны аюулгүй байдал зэрэг нь Монгол Улс “СХ2” төсөлд оролцох шийдвэрийг гаргахад анхаарах ёстой үндсэн асуудлууд юм. Энэ бол зарим судлаачдын үзэж байгаа шиг геополитикийн “шахалт” биш юм.


“СХ2” төслийн талаарх монгол хэлээрх нийтлэлүүдэд Орос, Хятадын талаас шахалт үзүүлсэн тухай дурдагдсан нь цөөн байна. Монголын шинжээчдийн ихэнх  нь “СХ2” төслийг улс орных нь Зүүн Хойд Ази дахь статус, түүнчлэн Орос, Хятадтай өрнүүлэх харилцаанд байр суурийг дээшлүүлэх стратегийн гэнэтийн ашиг гэж үзэж байна.


Гэсэн хэдий ч  Монгол Улс “СХ2” төсөлтэй холбоотой гарч болзошгүй аливаа эрсдэлийг багасгахыг хичээх хэрэгтэй. Тус улс  Азийн хөгжлийн банк зэрэг бүс нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тендерийн болон барилгын ажлын явцад ил тод, хариуцлагатай байдлыг хангах боломжтой.


Монголын эрх баригчид мөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах олон улсын шилдэг туршлагыг баримталж, цаг нь ирэхэд байгалийн хийн импортоос ашиг хүртэх эрчим хүчний зохих дэд бүтцийг бүтээн байгуулах арга хэмжээг авах боломжтой. 


Аз болоход Монгол Улс нь бусад төрлийн сэргээгдэх хийн түлшид шаардлагатай эрчим хүчний дэд бүтцийн ихэнхийг байгалийн хийн дэд бүтцүүдэд ашиглах боломжтой. Энэ нь өөрөөр хэлбэл,  хийн дэд бүтцэд одооноос хөрөнгө оруулах нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хожим тус улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээтэй холбоход тус дөхөм болно гэсэн үг юм.


Тус улс мөн бүх нийтийн оролцоо ба нөлөөллийн тэнцвэрт байдалд суурилсан гадаад бодлогоор дамжуулан стратегийн эмзэг байдалд “СХ2”-ын оруулж болзошгүй эрсдэлийг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, аль нэгнээс нь хамааралтай байхаас зайлсхийхийн тулд Орос, Хятадын аль алинтай нь харилцаагаа хадгална гэсэн үг юм. Энэ стратегийг Монгол Улс болон Төв Азийн бусад улс олон арван жилийн турш амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.


Монголыг стратегийн хувьд бие даасан байлгах сонирхолтой Япон, БНСУ, АНУ зэрэг улс орнуудын хувьд энэ нь бүс нутгийн тогтвортой дэг журмыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, яриа хэлэлцээрээр дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн үг юм.


Эдгээр нөлөөллийг бууруулах хүчин чармайлт нь шинжээчдийн дунд байгаа ямарваа болгоомжлолыг намжаах ёстой, мөн Монгол Улс “СХ2” төсөлд оролцсоноос хүртэх шууд үр өгөөж гэж үзэж болно. Монгол Улс Азийн эрчим хүчний сүлжээнд хэдий чинээ нэгдэх тусам, тэр хэмжээгээрээ бүс нутагтаа стратегийн үнэ цэнээ нэмэгдүүлнэ.


Монгол Улс үүсэж болзошгүй сөрөг талуудаас нь болж эдгээр боломжийг алдаж болохгүй, харин ч эсрэгээрээ шүүрч авах хэрэгтэй гэж Зүүн Азийн форумын цахим хуудсанд гарсан нийтлэлд дурджээ. Зүүн Азийн форум нь Австралийн Үндэсний их сургуулийн Кроуфордын төрийн бодлогын сургуульд төвтэй олон улсын бодлогын форум юм.



相关新闻