Монгол Улстай байгуулах агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг Болгарын Засгийн газар батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-05-23 09:57:44

СОФИ, 2025 оны тавдугаар сарын 23 /BTA/. Болгарын Сайд нарын танхимын ээлжит хуралдаанаар Монгол Улстай байгуулах агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг баталлаа. 


Одоогийн байдлаар хоёр улсын хооронд шууд тогтмол нислэг үйлддэггүй гэж Засгийн газрын мэдээллийн алба мэдээлжээ. Энэхүү хэлэлцээрийн төсөл нь агаарын тээврийн салбарт хоёр тал хамтран ажиллахад шаардлагатай хууль эрх зүйн үндсийг тавих зорилготой юм. Ингэснээр зорчигч болон ачаа тээврийн урсгал нэмэгдэж, бодит өрсөлдөөн бий болсноор нислэгийн үнэ буурч, мөн агаарын тээвэртэй холбоотой дэд бүтэц хөгжихийн зэрэгцээ аялал жуулчлалын салбарыг дэмжих боломж бүрдэнэ. 


Сайд нарын зөвлөл мөн Болгар, Монгол Улсын хооронд зорчигч, ачаа тээврийг авто замаар олон улсын хэмжээнд гүйцэтгэх тухай хэлэлцээрийн төслийг баталлаа. Энэ нь хоёр улсын авто тээврийн салбар дахь анхны хэлэлцээр бөгөөд одоогийн зохицуулалтын хоосон орон зайг нөхөх зорилготой юм. Уг хэлэлцээрийг байгуулснаар олон улсын авто замын тээвэр эрхлэх зөвшөөрлийг солилцох боломжтой болно.

相关新闻