ХӨВСГӨЛ: Эв модны наадам Түнхэн аймагт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Буриад Улсын Түнхэн, Ахын аймаг Хөвсгөл аймгийн Ханх сум жил бүр ээлжлэн зохион байгуулдаг “Эв модны наадам” соёл, спортын “Сурхарбан-2023” наадам амралтын өдрүүдэд Түнхэн аймагт боллоо.
Энэ жил Түнхэн аймаг байгуулагдсаны 100 жилийн ой давхар тохиож буйгаараа онцлог боллоо.
Тус наадамд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатараар ахлуулсан зочид, төлөөлөгчид оролцлоо.
Орос, монголчуудын хооронд анх удаа 1727 онд ийм баяр болж
байжээ. Гэхдээ эхлээд хамтарсан хурал хийж байсан бол сүүлдээ өргөжиж наадам
болсон байна.
Эв модны наадмыг Хөвсгөл, Булган аймагт "Ханхын болзоо",
"Хантайн арилжаа" гэсэн нэртэйгээр хийж, улмаар Зэлтэр, Хярааны, Хүдэр
зэрэг харуулуудын нутагт зохиодог байжээ.
Хөвсгөл аймгийн Ханх суманд 1998 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байна.
Эв модны наадмын үеэр болзоот
худалдаа, наадам хийгээд төгсөхдөө хоёр улсын хилийн дээс газраас мод хэсэглэн авч цуулаад хоёр талын харуулын
занги буюу эсвэл ахмад, нэр хүндтэй Монгол-Орос хоёр хүнд торгонд боож
хадгалуулдаг.
Дараагийн болзоот өдөр уулзахдаа хоёр талаас ирсэн бүx хүний нүдэн дээр
хоёр талын харуулын занги боодолтой модоо задлан цуулагдсан эвээр нь нийлүүлж
үздэг. Ингээд уг мод хаягдаж, солигдоогүй бол яг цуулбарынхаа эвээр нийлдэг
ажээ.
Энэхүү эв мод хоёр талын ард түмэн санал сэтгэл хувираагүй эв найртай, итгэлтэй
байгаагийн бэлгэдэл ажээ.