ХӨВСГӨЛ: Газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах киоск машиныг хэрэглээнд нэвтрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай хүргэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын баталсан стандартын дагуу үйлдвэрлэгдсэн киоск машиныг хэрэглээнд нэвтрүүллээ.
Киоск машин нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой ба 52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах боломжтой юм.
Мөн
цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ
үүсгэх, газрын төлбөр шалгах, газрын төлбөрөө QR-аар төлөх зэрэг
үйлчилгээ багтжээ.
Киоск машиныг үйлчилгээнд нэвтрүүлснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, дараалал багасгах, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай хүртээмжтэй болгох
зорилготой юм.
Хэрэглэгч өөрийн регистрийн дугаар
болон системд бүртгэлтэй утасны дугаараа ашиглан нэвтэрч, үйлчилгээ авах
боломжтой ажээ.