Баруун Африкт “Нэг цонх”-ны худалдааг нэвтрүүлж буй туршлагаа хуваалцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Дэлхийн экспортыг дэмжих 20
дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр “Ногоон, дижитал, хүртээмжтэй худалдаа” нэгдсэн
сэдвийн дор “Худалдааны чиг
хандлага”, “Дотоод инновацыг ашиглан дижитал өөрчлөлтийг
эрчимжүүлэх нь” гэсэн дэд сэдвүүдээр 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Хэлэлцүүлгээр Филиппин
улсын Мэдэээлэл, технологи, бизнесийн үйл ажиллагааны ассоциацын бодлого,
зохицуулалтын газрын ахлах ажилтан Селесте Лаган аутсорсинг үйлчилгээг нэвтрүүлж, энэ салбарт 3 мянга байсан ажиллагсдын тоо 1.6 сая болж нэмэгдэж буй талаар мэдээллээ. Тус улсын 116 сая
хүн амын 73 хувь нь интернэтэд холбогдсон, цахим талбарт 17 тэрбум ам.долларын
худалдаа хийх боломжтой юм байна.
БНХАУ-ын HICOOL компанийн ерөнхий захирал, Бээжингийн авьяастнуудын ассоциацын дэд ерөнхийлөгч, хатагтай И Ву старт-апп гарааны бизнесийнхнийг онлайн платформоор холбон, уг талбарыг төр, засгийн байгууллагуудтай харилцахад ашиглаж, инновацын платформоо Бээжинд амжилттай нэвтрүүлж буй зэрэг туршлагаа чуулганы оролцогч нартай хуваалцан солилцлоо. Тэрбээр цахим худалдааг хөгжүүлж нэвтрүүлэхэд интернэтийн баталгаатай системтэй байх нь улс орнуудад чухал болохын сануулж, энэ нь хүртээмжтэй худалдаа үйлчилгээний найдвартай дэд бүтэц болно гэдгийг онцолж байна. БНХАУ-д өнөөдрийн байдлаар дижитал худалдан авагчийн тоо 700 саяд хүрч, дижитал гүйлгээний тоогоор дэлхийд тэргүүлж байна.
Мөн ноён Ибрахима Диагнэ Сенегал улсад “GAINDE 2000” компани үүсгэн байгуулж, “Нэг цонх”-ны, цаасгүй худалдааны үйлчилгээг баруун Африкт амжилттай нэвтрүүлэн удирдаж буй талаарх туршлагаа солилцлоо.