ДАШТ-ий орчин дахь “Монгол наадам”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-07-19 08:28:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жюү жицүгийн 20 дахь удаагийн ДАШТ Монголд, Яармагийн дэнж дээрх Мөсөн өргөөнд явагдаж байна. Тав дахь өдрөө үргэлжилж байгаа ДАШТ дуулиан шуугиантай үргэлжилж байна.


Энэ удаагийн ДАШТ-д оролцож байгаа тамирчид болон дагалдан ирсэн албаны хүмүүс гээд 1000 орчим зочид, төлөөлөгчид зориулан Монголын өв соёлыг, дэлхийд ганцхан монгол наадмыг сурталчлан таниулах зорилготой монгол ахуй орчныг Мөсөн өргөө орчим төвхнүүлж чадсан нь бахархууштай.




Мөсөн өргөөний зүүн талын сэрүүн дэнж дээр гадаадын оролцогчдод тусгайлан зориулсан гэр барьжээ. Уяа дүүрэн морьд сойсноос гадна гүү барьж, зэлэн дээрээ нялх унаганууд халуун наранд зүүрмэглэн ногтондоо номхорно. Гэрийн хаяанд үхэр тэрэг байршуулжээ. Гэр дээр ааруул дэлгэж хатаасан харагдана. Орсон гарсан хүмүүсийг цагаан идээгээр дайлж, монгол ахуй соёлын танилцуулга хийх ажээ.




Мөн хүссэн зочид эндээс морь унаж, монгол гэрийн соёлтой танилцах бүрэн боломжтой юм байна. Нээлтийн үеэр монгол наадмын нэгээхэн хэсэг болох бөх барилдах, сур харвах зэрэг үзүүлбэр үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ДАШТ-д оролдож буй тамирчдад зориулсан, Монголынхоо өв соёлыг гадаадад сурталчлан таниулах зорилготой бэсрэг наадам энд болж байна.


Мөсөн өргөөний хажууд барьсан асарт хүүхдүүд Жюү жицүгээр хичээллэж байх жишээтэй. Мөн хүүхэд залууст амарч тухлах боломжийг гаргаж өгч чадсан байна.




Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт болж буй ДАШТ-ийг өндөр хэмжээнд зохион байгуулж чаджээ. 20 дахь удаагийн ДАШТ энэ сарын 20-нд хаалтаа хийх юм.

相关新闻