Ихэнх нутгаар аагим халуун үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.
2023 оны 8 дугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 8 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зарим газраар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7+12 градус, өдөртөө +20+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20+25 градус, өдөртөө +32+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +16+21 градус, өдөртөө +27+32 градус, бусад нутгаар шөнөдөө +12+17 радус, өдөртөө +23+28 градус дулаан байна.