Даншиг наадмын үеэр түргэн тусламжийн таван баг ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-05 17:54:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даншиг наадмын үеэр Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн таван баг буюу 12 хүн хоёр өдрийн турш 24 цагаар байрлан ажиллаж байна.


Хурдан морины унаач хүүхдүүд, наадамчид, иргэд, жуулчид, уран бүтээлчдийг болзошгүй эрсдэл, осол аваараас урьдчилан сэргийлж, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, халдвар ариутгалын бодисын нөөц бүрдүүлжээ.


Өнөөдөр хязаалан насны морины уралдаанаар нэг хүүхэд мориноос унасан ч ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй аж. Мөн иргэд, наадамчдаас 40 орчим дуудлага, мэдээлэл ирснээс хувиараа морь унаж байгаад хөлөө гишгүүлэх зэрэг зөөлөн эдийн гэмтэл авсан тухай гурван дуудлага иржээ. Бусад нь даралт ихсэх, зүрх судасны өвчлөлийн дуудлага байв.

Эрүүл мэндийн тусламж шаардлагатай иргэд 103 руу залгахад энд ажиллаж буй баг хугацаа алдалгүй үйлчлэх боломжтой.


Наадамд маш олон хүн ирсэн тул бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, наршихаас сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг түргэн тусламжийн багийнхан анхааруулж байлаа. 

相关新闻