Ю.Цэдэнбалын түүхэн үнэнийг өгүүлсэн ном хэвлэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛТөр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, түүний “Тойрон хүрээлэгч” гэгдэн чичүүлж амьдрал, ахуйгаараа хохирсон хамтран зүтгэгчдийн тухай өгүүлсэн үнэн түүх, иш баримтын товчоон болсон “Социализмын сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Юмжаагийн Цэдэнбал” ном уншигчдын гарт очлоо.
Олон жилийн дараа Монголын төр Ю.Цэдэнбал агсныг мөнхжүүлэх ажлыг сэдэж хийж буй энэ үед энэ ном хэвлэгдэж буйгаараа ач холбогдолтой юм.
Номын зохиогч, хуульч Ц.Шаравдорж тухайн үед Улсын Дээд Шүүхийн Бүгд хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр, “..Би уг нь энэхүү номыг нэлээд эрт гаргачих юмсан гэж хичээж бодож байлаа. Эрт гаргасан бол “Тойрон хүрээлэгч“ гэсэн нэр зүүн адлуулж, элдвээр бичүүлж, доромжлуулж, гэмт хэрэгтэн болох шахаж байсан тэр хэдэн хүний сэтгэлийг амрааж, тэдний тухай үнэн зөв ойлголтыг олон түмэнд эртхэн өгч, нэр төрийг амьдад нь бага боловч сэргээх байлаа. Гэхдээ нөгөө талаар харзнасан тал бий. Яагаад гэвэл “Тусгай хангамж эдэллээ, ард түмний хөрөнгөөр тоглолоо, намын сахилга алдлаа, өмч хөрөнгө ашиглалаа” гэж байсан хүмүүс өөрсдөө яах нь вэ гэдгийг хармаар санагдаад байсан юм” хэмээн тайлбарлажээ.
Тус номын редактор, СГЗ Д.Цэмбэл “...XXI зуун руу хэлбэр дүрсээ өөрчлөн орж ирсэн 1937 он хаалга нижигнэтэл балбаж эхэлсэн боловч, Улсын маань Дээд Шүүх түүнд хаалга тайлж өгөөгүй юм...” хэмээн тэр үеийн байдлыг онцолжээ. Мөн тэрээр зохиогчийн талаар “Ц.Шаравдорж маань баримт нотолгоог эрхэмлэдэг эрдэмтэн, хуульч хүний тулгуур зарчмыг барьж Ю.Цэдэнбал агсны хамтран зүтгэгчид, ах дүү, хамаатан садан, нэрт зохиолчид, эрдэмтэд болон Зөвлөлтийн (хуучин нэрээр) нам, төрийн тэргүүнүүд, томоохон улстөрчдийн Ю.Цэдэнбалын талаар хэлсэн үг, дурсамж, дуртгалуудыг уйгагүй цуглуулан, цэгцлэн боловсруулж үнэлэлт өгсний дүнд судалгааны эх сурвалж болохуйц жинтэй бүтээлийг туурвижээ” хэмээн үнэлжээ.
СГЗ До.Цэнджав номын өмнөтгөлд, “Түүхэн үнэ цэнэ гэдэг бол ерөөсөө архивын баримт, баримтаас ургуулсан үнэний эрэл хайгуул, зөв шударга үнэлгээ дүгнэлт, өнгөрсөн эдүгээг гэрэл сүүдрээр нь ялгах нарийн мэдрэмж, билгийн мэлмийг нээх авьяас чадвар юм. Хуульч хүний үг хуудуугүй баримтыг түших ёстой. Энэхүү мэргэжлийн үүргээ цагийн буулганы өмнө, цаасан дээр үлдэх үг утгын өмнө зохиогч биелүүлжээ гэж бодлоо. ...Одоо хүртэл улс төрийн атгаг санааны хий үзэгдэл тэнүүчилж байгаа цаг үед наанадаж ойлгох, цаанадаж өрөвдөх, жинхэндээ бол бишрэн хайрлах сэтгэл төрөх болов уу” хэмээн бичжээ.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр