Төв талбайн нэрийг сэргээв
МОНГОЛЫН МЭДЭЭНИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын төв талбайн Д.Сүхбаатарын нэрэмжит нэрийг сэргээлээ.
2013 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоолоор Жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөн, Их Эзэн Чингис хааны нэрэмжит болгосон. Энэхүү тогтоолыг хууль бус гэж үзэн Их жанжны удам болох иргэн З.Хайдар 2015 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн дагуу 3 шатны шүүх дээр маргаан бүхий тогтоолыг хянан хэлэлцээд 79 -р тогтоолыг хууль бус гэж үзэн, Их жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээх шаардлага өгсөн хэмээн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Буяндэлгэр танилцуулав.
Уг асуудлыг хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн олонх дэмжсэнээр 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ.
Ч.Ариунболд