Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын Их хурлаар удирдах зөвлөл, ерөнхийлөгчийг сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-12 08:52:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын ээлжит XXI их хурал есдүгээр сарын 20-нд болох гэж байна.


Дөрвөн жилд нэг удаа болдог ээлжит Их хурлаараа дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • МҮХАҮТ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны ба санхүүгийн тайлан танилцуулах,
  • Хяналтын зөвлөлийн тайлан танилцуулах,
  • МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, батлах,
  • МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох, батлах,
  • МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, батлах,
  • Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулж, тэргүүлэх асуудлыг тодорхойлох, танхимын үүрэг оролцоог хэлэлцэх аж.

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй ТББ-ын хувьд ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдан чиглүүлэх Удирдах зөвлөл, Танхимын ерөнхийлөгчийн сонгууль нь бизнес эрхлэгчдийн төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байдаг. Тус танхим дотоод ардчиллын дагуу нийт гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдын хувьд нэр дэвших, дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байдгаараа онцлогтой. МҮХАҮТ-ын дүрмийн дагуу Үндэсний танхимын Удирдах зөвлөлд гишүүнээр элсээд, 3-аас дээш жил болсон, гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй танхимын гишүүд нэр дэвших эрхтэй. Улмаар 22 гишүүнийг төлөөлөх ардчиллын зарчмаар, үлдэх 53 гишүүнийг Их хурлын гишүүд дундаас шууд ардчиллын зарчмаар, Хяналтын зөвлөлийн гишүүдийг Их хурлын гишүүд дундаас тус тус нэр дэвшүүлэн сонгох юм байна.


Нэр дэвшүүлэх ажлыг Их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу энэ оны есдүгээр сарын 18-ны 17.00 цагаар дуусгавар болгож, Танхимаас томилогдсон комисс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, Их хуралд танилцуулах аж. Танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга нь Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй юм.


Танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, товч намтраа бэлтгэн, есдүгээр сарын 18-ны 17.00 цагт МҮХАҮТ-д, нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгөх аж. МҮХАҮТ-ын гишүүн нь 2023 оны наймдугаар сарын 10-наас өмнө МҮХАҮТ-д гишүүнээр элссэн байх бөгөөд 2023 оны есдүгээр сарын 15-ны байдлаар гишүүнчлэлийн хураамжийг бүрэн төлснөөр ээлжит XXI их хуралд оролцох эрхтэй аж.

相关新闻