Австралид суралцах боломжийн талаар мэдээлэл өгч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛАвстрали Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайдын яам, Австралид төгсөгчдийн дэлхийн сүлжээтэй хамтран өнөөдөр Шангрила зочид буудлын хурлын танхимд "Хил хязгааргүй Австрали Боловсролын Үзэсгэлэн"-г нээлээ.
Үзэсгэлэнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн боловсролын бүх шатны байгууллагуудын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж Австралийн амьдралын хэв маяг, боловсрол, оюутны виз болон сургалтын талаарх мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ.
Австрали нь гадаад оюутны тоогоороо дэлхийд гуравдугаарт бичигддэг бөгөөд Монголын хүүхэд залуучуудад Австрали Улсын их дээд болон мэргэжлийн боловсролын сургуулиудыг сонгон суралцаж, дэлхийд өрсөлдөхүйц боловсрол эзэмшиж, ирээдүйгээ баталгаажуулахад хамгийн тохиромжтой улсуудын нэг гэдгийг энэ үеэр танилцуулж байв.
Хил Хязгааргүй Австрали Боловсролын Үзэсгэлэнд Австралийн 27 их дээд, мэргэжлийн сургуулиуд оролцож тус улсын боловсролын салбарын чанар, инновацийн талаар танилцуулж байна. Түүнчлэн оролцогч сургуулиуд сургалтынхаа хөтөлбөр, боловсролын тогтолцоо, сурах арга барилын талаар зөвлөгөө өгч байлаа.
Та Австрали Улсад суралцаж ирсний дараа “Австралиа Глобал Алумни” буюу Австралид төгсөгчдийн дэлхийн сүлжээгээр дамжуулан мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх, ажлын байр олох боломжтой аж. Үзэсгэлэнгийн үеэр Түүнчлэн энэ үеэр Австралид төгсөгчид залууст мэдээлэл өгч байна. Үзэсгэлэн оройн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Б.Заяа