Орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох шалгалтын тов гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-21 18:17:51

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Хэлмэрчийн анхан шатны цогц чадварын туршилт шалгалт” зургаадугаар сарын 14-15-нд болно.


Уг шалгалтаар хэлмэрчийн ур чадвар анхан шатны түвшинд хүрсэн нь тогтоогдвол гуравдугаар зэргийг батламжилсан гэрчилгээ олгох юм. Хэлмэрчийн зэрэг олгох шалгалт нь тодорхой аргачлалын дагуу зохиогдох бөгөөд эх хэл ба гадаад хэлний мэдлэг, гадаад хэл-эх хэл, эх хэл-гадаад хэлний хэлмэрчлэх ур чадварыг шалгах хэлмэрчийн ур чадварын цогц шалгалт юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан Монголын орчуулагчдын анхдугаар чуулганы урьдчилсан хэлэлцүүлгээр гарсан нийт саналын 29 хувь нь орчуулагч, хэлмэрч мэргэжилтний ур чадварыг үнэлэх зайлшгүй шаардлагын тухай байсан. МУИС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төв манай орны орчуулагч, хэлмэрч мэргэжилтний чадамжийн судалгааг 2021 оноос хийж, зэрэг тогтоох сорилгын арга зүй, аргачлалыг боловсруулжээ.


Энэ оноос орчуулагч, хэлмэрчийн 3-р зэргийн туршилт шалгалтыг эхлүүлж, бичгийн орчуулагчийн цогц чадварын анхан шатны туршилт шалгалтыг зохион байгуулан 22 орчуулагчид мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардуулжээ.


Орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох шалгалтыг анхан шат (гуравдугаар зэрэг), дунд шат (хоёрдугаар зэрэг), дээд шат (нэгдүгээр зэрэг) гэсэн дэс дарааллаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

相关新闻