Төрийн удирдлагын салбарт дэмжлэг үзүүлэх арга барил тодорхойлох судалгаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-20 09:52:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Японы Васеда Их сургуулийн Улс төр, эдийн засгийн тэнхимийн профессор, Төрийн албаны тогтолцооны мэргэжилтэн Инацүгү Хироаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар , “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд дөрөв дэх хэлэлцүүлгийг “Төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвийн дор цахимаар зохион байгуулж, профессор Х.Инацүгү Монгол Улсын төрийн байгууллагуудын төлөөлөл 260 гаруй албан хаагчдад Японы төрийн албаны тогтолцоо, хараат бус ёc зүй бүхий төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ойлголт өгснийг дурдав. Мөн Монгол Улсын төрийн албаны бүтээмж, чадварыг дээшлүүлэх, хараат бус өндөр ёc зүй бүхий төрийн албан хаагчдыг төлөвшүүлэхээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан гэлээ.


Японы Васеда Их сургуулийн Улс төр, эдийн засгийн тэнхимийн профессор Инацүгү Хироаки, “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд үр дүнтэй цуврал хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсныг онцлов.

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас 2023 онд “Төрийн удирдлагын салбарт цогц дэмжлэг үзүүлэх арга барил тодорхойлох судалгаа”-г дөрвөн улсад хийхээр төлөвлөжээ. Ноён Инацүгү Хироаки уг судалгааны ажлаар Монгол Улсад ирсэн байна.


Уулзалтын үеэр талууд Монгол, Японы төрийн албаны тогтолцооны онцлог, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал солилцлоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар, ЖАЙКА нь манай хоёр улсын найрамдлын гүүр болж ирсэн. ЖАЙКА-гийн тусламж үргэлж цагаа олсон, манай иргэдэд хүртээмжтэй, сэтгэл шингэсэн тусламж байдаг” хэмээгээд ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар “Япон лугаа адил хөгжье” санаачилгыг дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлснийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Уулзалтад УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, ЖАЙКА-гийн Токио дахь төв оффис болон Монгол дахь Төлөөлөгчийн газрын албаны хүмүүс оролцжээ.

 

 

相关新闻