Эхний өдрийн дүнгээр Монголын баг 9 дүгээрт эрэмбэлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-25 12:18:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Ханжөү 2022” Азийн зуны XIX наадмын эхний өдөр Монголын баг тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар 9 дүгээрт эрэмбэлэгдлээ.


Хийн урт бууны эмэгтэй багийн О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нар 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг хагалсан бол жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам хүрэл медаль зүүснээр ийн 9 дүгээр байрт эрэмбэлэгджээ. 

Нударган зодоончдын тэмцээн өчигдөр эхэлж, эмэгтэйчүүдийн 50 кг-д хүч сорьсон О.Есүгэн Филиппиний боксчин Айра Виллагесийг 3:1 оноогоор ялсан юм. Тэрбээр дараагийн тойрогт Бангладешийн Зиннат Фердоустай тулалдахаар болсон. Тэдний тулаан энэ сарын 27-нд 14:00 цагаас болно. 

Эрчүүдээс 63.5 кг-д хүч сорьсон МУГТ Б.Чинзориг Туркменистаны боксчин Хурсанд Иманкулиевийг 4:1 оноогоор ялснаар дараагийн тойрогт Узбекистаны Руслан Абдуллаевтай оноолт таараад байна.

 

Харин 80 кг-д “нударга зөрүүлсэн” Г.Далай олимпын хүрэл, ДАШТ-ий мөнгөтэй Филиппиний Феликс Марсиалд 0:5-аар хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. 

相关新闻