Л.Оюун-Эрдэнэ: Зүүн бүс нутагт мах экспортлох, ашигт малтмалын ордоо эргэлтэд оруулах боломж бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-25 16:14:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд оролцлоо.


Чуулганы нээлтэд тэрбээр Засгийн газрын бодлого хөтөлбөртэй уялдуулан, бүс нутгийн хөгжлийг хэлэлцэж, хөрөнгө оруулалтаа нэмэхээр чуулган зохион байгуулж буй Дорнод аймаг, зүүн аймгуудын удирдлагуудад талархал илэрхийлээд, Шинэ сэргэлтийн бодлогын зарим үр дүнгээс дурдав.


Цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг 2021 онд 1.6, өнгөрсөн онд 4.8, энэ оны хоёрдугаар улиралд 6.4 хувь болж нэмэгдсэн. Одоогоор нэг хүнд ногдох ДНБ 5033 ам.доллар хүрсэн. Шинэ сэргэлтийн бодлого цаашид тогтвортой хэрэгжвэл нэг хүнд ногдох ДНБ 2027-2028 онд 10 мянган ам.долларт хүрэх төлөвтэйг Ерөнхий сайд тэмдэглээд, “Улсын хэмжээнд бие дааж төсвөө бүрдүүлдэг зургаан аймгийн нэг нь Дорнод. Тус аймгийн ДНБ 1.2 их наяд, эдийн засгийн өсөлт 14 хувь буюу давхар өсөлттэй явж байгаа”-г онцолжээ.


Түүнчлэн, “Засгийн газраас “Шинэ сэргэлтийн таван цагариг”  төслийг эхлүүлсэн. Цаашид аймгууд тус бүрдээ хөгжил ярихаас илүү бүс нутгаараа хөгжлөө тодорхойлох нь чухал. Зүүн бүсэд боомтын хоёр том төсөл хэрэгжиж байна. Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын замууд, Сүхбаатар аймагт Бичигтийн боомт эхэлж байгаа. Бичигт-Эрээнцав, Чойбалсан-Хөөт гэхчлэн төмөр замын интеграцид орно. Энэ тохиолдолд Дорнод, Сүхбаатар аймагт эдийн засгийн интеграц үүснэ. Мөн Ульхан, Хавиргын боомтын ажил үргэлжилж байна. Жижиг транзит коридор үүснэ. Бор-Өндөрөөр дамжаад Замын-Үүдтэй холбогдсоноор зүүн бүс нутаг мах экпортлох, ашигт малтмалын орд газруудаа эргэлтэд оруулах зэрэг боломж бүрдэнэ” гэдгийг хэлж байлаа.


Чуулганаас гарсан санал дүгнэлтийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Ерөнхий сайдад гардуулан өгсөн юм. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Дорнод аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, Зүүн бүсийн аймгуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг орон нутагт нэмэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган есдүгээр сарын 23-25-нд боллоо. Чуулганд Канад, ОХУ, БНХАУ болон дотоодын нийт 200 гаруй оролцогч, зочид төлөөлөгч оролцжээ.

相关新闻