ХЭНТИЙ: "Гоё хашаа нутгийн үзэмж" аянд Биндэрийнхэн 100 хувь оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ![](/files/65168a722b715.jpeg)
Биндэр, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Биндэрийнхэн сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойдоо зориулан "Гоё хашаа нутгийн үзэмж" аяныг энэ жилийн турш зохион байгуулж, дүнгээ гаргажээ.
Тус аяны хүрээнд зохион байгуулсан болзолт уралдааныг Биндэр сумын харьяат өндөр настан Д.Цэдэн-Иш гуай болон түүний үр хүүхдүүд 6.3 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн байна. Биндэр сум нь 1404 өрх, 4179 хүн амтай бөгөөд "Гоё хашаа нутгийн үзэмж" болзолт уралдаанд сумын төвд амьдардаг бүх айл өрх 100 хувь оролцжээ.
Сумын төвийн өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус уралдааныг хашааны тохижилт, ногоон байгууламж, гадна гэрэлтүүлэг нэмэгдүүлсэн байдал, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай эсэх гэсэн есөн шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ.
Ингээд "Шилдэг тохижилттой гудамж"-аар Худалдааны нэгдүгээр гудамж, Шаазгайн нэгдүгээр гудамж, Буурлын гуравдугаар гудамжны айл өрхүүд шалгарч 500 мянгаас хоёр сая төгрөгийн шагнал, Шилдэг тохижилттой гудамж хаяг өргөмжлөл хүртсэн байна. Харин "Шилдэг тохижилттой өрх"-өөр н.Оюунхандын гэр бүл, С.Тунгалагийн гэр бүл, Р.Дагвадоржийн гэр бүл тус тус шалгарч, 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр шагнуулж, Шилдэг тохижилттой өрх хаягтай болжээ.
![](/uploads/content/c7f7a9c2e925a7d72517b020d3b1002f.png)
![](/uploads/content/e91dcff8a9803875a0837410a666a137.png)
![](/uploads/content/8ccaba2e2b39ecd8b22d7afad8e641fa.png)
![](/uploads/content/2de6ec1f002e22e2db0f877170a93074.png)
![](/uploads/content/6bd94b252a7f5bccf408bf4dd6d57823.png)