ХӨВСГӨЛ: Бяслагийн үйлдвэр байгуулж нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-05 16:28:46

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 18 суманд Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих “Бяслаг” төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачилгаар бяслагийн үйлдвэр байгуулж байна.


Бяслагийн анхны үйлдвэрийг Тосонцэнгэл суманд байгуулж нээлтээ хийлээ.



Мөн Түнэл, Их-Уул, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Арбулаг суманд үйлдвэрийн барилгыг барьж байгаа бөгөөд бусад суманд ирэх онд байгуулна.


Тус аймаг улсдаа мал сүргээрээ тэргүүлдэг учраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой юм.

Орон нутагт бяслагийн үйлдвэртэй болсноор малчид цагаан идээгээ боловсруулан дотоод болон гадаад зах зээлд борлуулж, орлого  олох боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр хэлж байлаа.


Төслийн хүрээнд Монголын мэргэшсэн бяслаг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Я.Энхээ Хөвсгөл аймагт ирж орон нутгийн иргэдтэй уулзан, бяслаг үйлдвэрлэх ажиллагаа ямар үе шаттай явагддаг, ямар хүндрэл гарч болох талаар болон цаашид малчид, иргэдэд ямар боломж байгаа талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.


Цаашид  үйлдвэрт ажиллах иргэдийг сургалтад хамруулах аж.

 

 

相关新闻