Сирийн цэргийн академи руу дроноор халдсаны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-10-06 11:14:26

ДАМАСК, 2023 оны аравдугаар сарын 6 /DW/. Пүрэв гарагт Сирийн Хомс мужийн цэргийн академид дроноор цохилт өгсний улмаас 100 гаруй хүн амиа алджээ.


Амиа алдагсдын дунд энгийн иргэд байсан гэж Сирийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Тус яам уг халдлагад террорист бүлэглэлүүдийг буруутгажээ.


Их Британид төвтэй, Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглах байгууллагын мэдээлснээр, 100 гаруй хүн амиа алдаж, 125 хүн шархадсан байна.


Сирийн Батлан хамгаалах яам болон Гадаад хэргийн яам уг халдлагад “бүрэн хүчээр” хариу өгөх болно гэдгээ мэдэгджээ.


“Зэвсэглэсэн террорист байгууллагууд цэргийн академийн офицеруудын төгсөлтийн баярыг онилон халдлага үйлдсэн” гэж SANA агентлаг Сирийн армийн мэдэгдлийг эш татан уламжилсан байна. Халдлагад “тэсрэх бодисоор дүүргэсэн дронуудыг” ашигласан гэж цэргийнхэн мэдээлжээ.


Одоогоор халдлагын хариуцлагыг аль нэг бүлэглэл хүлээгээгүй байгаа боловч Сири дэх хүнийн эрхийн байдлыг ажиглах байгууллага лалын босогчдын “Тахрир аль-Шам” болон “Лалын улс” бүлэглэлийн аль нэг нь үйлдсэн байж магадгүй гэж үзэж байна.


Reuters агентлагийн мэдээлснээр, Сирийн Батлан хамгаалахын сайд төгсөлтийн баярт оролцож байсан бөгөөд халдлага болохоос өмнөхөн тухайн газрыг орхин явсан байжээ.


Армийн ерөнхий командлал уг халдлагыг хулчгар үйлдэл” хэмээн мэдэгдэж, бүх хүчээрээ хариу өгөхөө амласан байна. Хомс муж нь 2017 оноос хойш Башар Асадын Засгийн газрын мэдэлд байгаа юм.

相关新闻