“Ханжөү 2022” Азийн XIX наадам өндөрлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-08 20:46:23

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 8  /МОНЦАМЭ/. Аливаа улс орны Үндэсний олимпийн хороо нь чиг үүргийн дагуу Олимпийн наадам болон тивийн наадмаа хариуцдаг. Энэ утгаараа МҮОХ “Ханжөү 2022” Азийн XIX наадмыг хариуцаж, мэдээ мэдээлийг цаг тухай бүрт дамжуулж байсан.


Энэ удаагийн Азийн наадам албан ёсоор өнөөдөр өндөрлөж байна. Энэ талаар МҮОХ ийн мэдээлжээ.

 

Монголын баг “Ханжөү 2022” Азийн зуны спортын XIX наадамд 34 спортын төрөлд 402 тамирчин, 118 дасгалжуулагч болон арын албаны хүн нийт 520 хүн оролцож, тивийн Олимпод түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр тоосоо өргөлөө. Энэ нь наадамд оролцсон 45 Үндэсний олимпын хорооны багаас 7 дахь том бүрэлдэхүүн байв.

 

Монголын баг тамирчид жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, байт харваа, жюү жицү, 3х3 сагсан бөмбөг, кураш, дугуй, и-спортын дота2 нийт 10 спортын төрлөөс 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар 22 дугаар байрт, медалийн тоогоор 15 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Монголын баг тамирчид "Тегеран-1974" Азийн наадмаас эхлэн нийт 12 удаагийн наадамд оролцсон нийлбэр амжилтаар 16 спортын төрлөөр 27 алт, 51 мөнгө, 104 хүрэл нийт 182 медальтай боллоо.

Байт харвааны сонгодог харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд аваргын алтан медаль хүртсэн нь Монголын харваач Азийн наадмын түүхэнд анхны медаль хүртсэн амжилт болж тэмдэглэгдэв.

 

Мөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгө, и-спортын дота2-ын баг мөнгөн медаль хүртсэн нь багийн спортоор авч буй анхны медаль боллоо.

 

Б.Энххүслэн Монголын усанд сэлэгчдээс Азийн наадмын түүхэнд анх удаагаа финалд шалгарч түүхэнд бичигдсэн юм.

 

Түүнчлэн 1990 оноос хойш тасалдаад байсан засмал замын дугуйн спортын медалийг 33 жилийн дараа С.Жамбалжамц дахин сэргээн авчирлаа.

 

“Ханжөү 2022” Азийн наадмын тавцанд Монголын хөнгөн атлетикчид 2 үндэсний дээд амжилтаа тогтоосон бол усанд сэлэгчид нийт 11 үндэсний рекордоо шинэчиллээ.

 

Олон улсын олимпын хорооны Гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг наадмын хугацаанд Монголын баг тамирчдаа бүхий л талаар дэмжин ажиллаж, чөлөөт бөхийн 65 кг-д аварга болсон Т.Тулга болон шинэлэг спортын төрөл болох и-спортын дота2-ын баг тамирчдад шагнал, медалийг гардуулав.

 

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Багийн ахлагч А.Ганбаатарын удирдлага дор Монголын багийн штаб 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийт баг тамирчдын зохион байгуулалтыг хариуцан ажилласан бол зохион байгуулах хорооноос томилсон сайн дурын 15, тээвэр хариуцсан 7 ажилтан манай баг тамирчдад үйлчиллээ.

 

“Ханжөү 2022” Азийн наадмын кураш, жюү жицү, волейбол, чөлөөт бөх, жүдо, ширээний теннис, софт теннис, хүндийг өргөлт, таэквондо, бокс, хөлбөмбөг, триатлоны нийт 12 спортын төрлийг Монголын 13 шүүгч дэнсэлж хамгийн гэсэн тоог түүхэндээ үлдээлээ.

 

“Ханжөү 2022” Азийн XIX наадмыг спортын гэрэл зурагчин, сэтгүүлчдээс бүрдсэн түүхэндээ хамгийн том, 37 хүний бүрэлдэхүүнтэй хэвлэл мэдээллийн баг Монголын баг тамирчдын торгон агшныг цаг алдалгүй сурвалжилж, улс орон даяар олон нийтэд мэдээлэв. Монголын хэвлэл мэдээллийн багийг дэмжин “Ba Ying Meng Ke” компани хамтран ажиллалаа.

 

Түүнчлэн Ханжөү хотноо энэ хугацаанд 15 хүний бүрэлдэхүүнтэй телевизийн баг ажилласан бөгөөд улс орон даяар спортын гайхамшиг 7 сувгаар үзэгч бүхэнд шууд хүрлээ.

Ийнхүү "Ханжөү 2022 "Азийн зуны спортын XIX наадам өндөрлөж, Парисын Олимпын бэлтгэлийн гараа эхэлж байна.

 

相关新闻