ХЭНТИЙ: Хүүхдийнхээ нэрэмжит мод тарих өдрийг санаачилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ![](/files/652611567824c.jpeg)
Чингис, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас "Ид шидийн орон Хэнтий" төслийн хүүхэд багачуудад зориулан гурван сая төгрөгийн үнэ бүхий мод хандивлажээ.
Тус хамт олон эдгээр модыг зүгээр нэг өөрсдөө тариад өнгөрөхийг хүсээгүй бөгөөд мод тарих сонирхолтой хүн бүхэнд байгууллагынхаа, гэр бүл, найз нөхдийн нэгдэл, төгсөлтийн, тэр ч бүү хэл хүүхдийнхээ нэрэмжит болгон Ид шидийн орны хашаанд мод тарьж, эх дэлхийдээ, хүүхдүүдэд цэвэр агаар бэлэглэх боломжийг бий болгожээ.
Тодруулбал, нэг метр өндөртэй тав орчим жилийн настай суулгац 33 мянган төгрөг ба төслийн зүгээс нүх ухах, услах ус, хэрэглэх бээлий зэргийг бэлдэж өгөх аж. Түүнчлэн суулгацын бүх орлого "Ид шидийн орон Хэнтий" төсөлд 100 хувь зарцуулагдах аж.
"Манай хашаанд ирж мод тарьснаар та зөвхөн өөрийн бус бусдын хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийнгээ, гэр бүл, хамт олноороо мод тарьж, эх дэлхийгээ хүндлэх үзлийг хүүхэд багачуудад үлгэрлэх, ногоон төглийн нэгэн хэсгийг өөрсдийн эсвэл хүүхдүүдийнхээ нэрэмжит болгож, хаягжуулах боломжтой болно" хэмээн төслийн багийнхан онцоллоо.