Д.Амарбаясгалан: Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шинэ удирдлага, бүтэцтэйгээр ажиллуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллага шинэ удирдлага, бүтцээр ажиллах болсон хэмээн мэдээллээ.
Тэрбээр "Дэлхийн Допингийн эсрэг байгууллагаас Монгол Улсыг олимпод цагаан тугтай орох нөхцөл үүсэж болзошгүй хэмээн мэдэгдэж, ноцтой 11, чухал найм, ерөнхий хоёр, нийт 21 зөрчлийг арилгах шаардлагыг ирүүлсэн. Ингэхдээ ноцтой зөрчлийг энэ оны гуравдугаар сарын 2-ны дотор, чухал зөрчлийг зургаадугаар сарын 2-ны дотор, ерөнхий зөрчлийг есдүгээр сарын 2-ны дотор арилгах үүргийг хүлээлгэсэн ч цаг хугацаанд нь арилгаж чадаагүй.
Иймд манай улсад хязгаарлалт хэрэгжүүлсэн эхэлсэн бөгөөд улмаар ирэх оны нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд зөрчлийг арилгах боломжийг олгоод буй. Тэр хугацаанд ноцтой гэсэн 5 зөрчлийг арилгах үүргийг өгөөд байна. Үүнд, -Шинжилгээний түүврийн төлөвлөгөөг эрсдлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж баталгаажуулсан эсэх
-Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай шинжилгээний техникийн баримт бичигт заасан хамгийн доод шаардлагад нийцэж байгаа эсэх
-Тамирчны биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулийг хэрэгжүүлсэн эсэх
-Шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд гурваас доошгүй удаа шинжилсэн эсэх
-Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабораторид хүргүүлж байгаа эсэх гэсэн шаардлагууд багтаж байна.
Эдгээр шаардлагыг хангахын тулд Засгийн газар, Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллагатай хамтран ажиллахаар болж, тус байгууллагыг шинэ удирдлага, бүтэцтэйгээр ажиллуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр уг байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ажиллана. Өмнө нь уг байгууллагын үйл ажиллагаа хаалттай, Засгийн газар өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцож чаддаггүй байсан.
Шинэчлэгдсэн бүтцийн хүрээнд ТУЗ-ийн гишүүнчлэлийг өргөтгөж, бүх салбар, мэргэжлийн холбоодын оролцоог хангана. Үүнтэй холбоотой үндэсний бөхийн барилдааныг тойрсон допингтой холбоотой асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг байх эсэх дээр тогтож ярилцана" гэв.